ЕРӨНХИЙ КОНСУЛ Д.БОЛД БЭЭЖИН ХОТЫН “ЖИНШЫ” (JINGSH LAW FIRM) ХУУЛИЙН ФИРМИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
Монгол Улсаас БНХАУ-ын Шанхай хотод суугаа Ерөнхий консул Д.Болд 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Бээжин хотын “Жиншы” (JINGSH LAW FIRM) хуулийн фирмийн тэргүүн зэргийн хуульч Ли Вэньлин тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

Уулзалтын үеэр Ерөнхий консул Д.Болд Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчин, эрх зүйн шинэчлэл болон эрчим хүч, мэдээллийн технологи, дэд бүтэц, хөдөө аж ахуй, эрүүл мэндийн салбар дахь хөрөнгө оруулалтын боломжуудын талаар дэлгэрэнгүй танилцуулга хийв. Танилцуулгад Монгол Улсын 2025 оны эдийн засаг, хөрөнгө оруулалтын төлөв байдал, хөрөнгө оруулалтын эрх зүйн орчин, татварын тогтвортой орчин, хөрөнгө оруулагчдад үзүүлэх “Нэг цонх”-ны үйлчилгээ болон Монгол Улсын Засгийн газраас баталсан 14 мега төсөл, Улаанбаатар хотын дэд бүтцийн төслүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөв.

1994 онд байгуулагдсан “Жиншы” (JINGSH LAW FIRM) хуулийн фирм нь БНХАУ-ын хэмжээнд 55 салбартай, хилийн чанадад 28 төлөөлөгчийн газар бүхий томоохон сүлжээтэй бөгөөд 6,000 гаруй мэргэшсэн хуульч, нийт 8,000 гаруй ажилтнаас бүрдсэн хуулийн этгээд аж. Тус фирм нь сүүлийн таван жил дараалан Бээжин хотын хамгийн том хуулийн фирмээр шалгарсан туршлагатай байгууллага болно.

Уулзалтын үеэр “Жиншы” хуулийн фирмийн төлөөлөгчид Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчныг өндрөөр үнэлж, хоёр орны хоорондын хөрөнгө оруулалтын боломжийг нэмэгдүүлэх, хууль эрх зүйн эрсдэлийг бууруулах, хөрөнгө оруулагчдад тулгарч буй саад бэрхшээлийг шийдвэрлэхэд идэвхтэй оролцохоо илэрхийлэв. Мөн тус фирм олон улсын түвшинд үйл ажиллагаагаа өргөжүүлэх стратегийн хүрээнд ойрын хугацаанд Монгол Улсад өөрийн салбараа нээхээр төлөвлөж байгаа гэнэ.
Ерөнхий консул Д.Болд Монголын болон Хятадын аж ахуйн нэгжүүд хамтран ажиллах, хөрөнгө оруулалт татахад бүх талын дэмжлэг, туслалцаа үзүүлэхэд бэлэн гэдгээ нотолж, цаашид идэвхтэй харилцан хамтран ажиллахаар тохиролцов.