images

ЖӨЖЯН МУЖИЙН ВЭНЬЖӨҮ ХОТЫН ОЛОН УЛСЫН ХУДАЛДААГ ДЭМЖИХ ХОРООНЫ ДАРГА ЗЭН ВЭЙ ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Ерөнхий консулын газрын мэдээ

2026-01-19

73

Монгол Улсаас БНХАУ-ын Шанхай хотод суугаа Ерөнхий консул Д.Болд Жөжян мужийн Вэньжөү хотын Олон улсын худалдааг дэмжих хорооны дарга Зэн вэй, Олон улсын хамтын ажиллагааны газрын орлогч дарга Жун Гуочян нарыг 2026 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч уулзаж, хамтын ажиллагааны талаар дэлгэрэнгүй санал солилцов. 

Уулзалтын үеэр Ерөнхий консул Д.Болд Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчин, эрх зүйн шинэчлэл болон эрчим хүч, уул уурхай, мэдээлэл технологи, дэд бүтэц, хөдөө аж ахуй, эрүүл мэндийн салбар дахь хөрөнгө оруулалтын боломжуудын талаар танилцуулж, хамтран хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны дугуй ширээний ярилцлага, төсөл танилцуулах уулзалт зэрэг бодит арга хэмжээг Улаанбаатар, Вэньжөү хотуудад зохион байгуулах санал дэвшүүлэв.

Олон улсын худалдааг дэмжих хорооны Зэн Вэй дарга тус хотын эдийн засгийн өсөлт, экспортын үзүүлэлтийн талаар танилцуулж, тус хотын ААН-үүд Монгол Улсын бүтээн байгуулалтад оролцож, Монголын зах зээлд нэвтрэх сонирхолтой байдаг талаар онцолж, талууд цаашид хамтран хоёр улсын орон нутгийн түвшинд худалдаа, хөрөнгө оруулалт, эрүүл мэнд, эмнэлгийн тоног төхөөрөмж, шинжлэх ухаан, инновац болон аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх чиглэлээр идэвхтэй хамтран ажиллахаар санал нэгдэв.