images

МОНГОЛ УЛСЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ОРЧИН, БОЛОМЖ НӨХЦӨЛИЙГ СУРТАЛЧЛАХ” АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Ерөнхий консулын газрын мэдээ

2026-02-09

21

Монгол Улсаас БНХАУ-ын Шанхай хотод суугаа Ерөнхий консулын газар “Шанхай хотын Бизнес эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн нэгдсэн холбоо”-той хамтран 2025 оны 2 дугаар сарын 5-ны өдөр “Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчин, боломж нөхцөл” сэдэвт арга хэмжээг Шанхай хотын Жөжян мужийн өндөр түвшний судалгааны хүрээлэнгийн хуралдааны танхимд амжилттай зохион байгуулав.

Арга хэмжээг нээж Монгол Улсаас Шанхай хотод суугаа Ерөнхий консул Д.Болд үг хэлсэн бөгөөд тэрбээр Монгол Улс нь БНХАУ болон ОХУ-ын дунд оршдог газар зүй, стратегийн өвөрмөц байршилтай, хоёр том зах зээлийг холбосон чухал гүүр болохыг онцлон тэмдэглэв. Мөн Монгол, Хятад хоёр улс түүхэн уламжлалт найрсаг харилцаатай, мөнхийн хөрш орнууд бөгөөд харилцан итгэлцэлд тулгуурласан, үлгэр жишээ хөршийн харилцааг хөгжүүлж буй нь бүс нутаг төдийгүй олон улсын хэмжээнд өндрөөр үнэлэгддэг болохыг онцлон дурдав.

Мөн сүүлийн жилүүдэд Монгол Улсын эдийн засаг тогтвортой өсөлттэй байгааг онцолж, гадаадын хөрөнгө оруулагчдад нээлттэй, таатай орчныг бүрдүүлэх чиглэлээр Засгийн газраас авч хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээг танилцуулав.

Тус арга хэмжээнд 16000 гишүүнтэй Шанхай хотын Бизнес эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн нэгдсэн холбоо, 12000 гишүүнтэй Шаньши мужийн Бизнес эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн нэгдсэн холбоо, 100 гишүүнтэй Шанхай хотын Гадаадад суралцаж, төгссөн оюутан бизнес эрхлэгчдийн холбооны удирдлага болон гадаад улсад хөрөнгө оруулах сонирхолтой БНХАУ-ын төрийн өмчит  болон хувийн хэвшлийн нийт 40 гаруй аж ахуйн нэгжийн удирдлага, төлөөлөгчид оролцсон бөгөөд тэдгээрт Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчин, холбогдох хууль тогтоомж, татварын хөнгөлөлт, дэмжлэгийн бодлого, тэргүүлэх салбаруудад хэрэгжиж буй томоохон төсөл, хөтөлбөрүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөв.

Түүнчлэн хөрөнгө оруулагчдад олгож буй давуу тал, виз мэдүүлэх журам, нөхцөлийн талаар танилцуулж, оролцогчдын сонирхсон асуултад хариулт өгч, ажил хэрэгч, үр дүнтэй арга хэмжээ болж өндөрлөв.