images

ШАНХАЙ ХОТЫН РҮЙЖИН ЭМНЭЛГИЙН ДАРГА, АКАДЕМИЧ НИН ГУАН-ТАЙ УУЛЗАВ

Ерөнхий консулын газрын мэдээ

2026-03-09

15


Ерөнхий консул Д.Болд 2026 оны 3 дугаар сарын 9-ний өдөр Шанхайн Жяо Тун их сургуулийн Анагаах ухааны сургуулийн харьяа Рүйжин эмнэлэгт зочилж, тус эмнэлгийн дарга, Академич Нин Гуан, Дотрын тасгийн эрхлэгч, Ерөнхий эмч Ван Вэйчин, Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга Лин Жин нартай уулзаж, хоёр улсын эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх боломж, нөхцөлийн талаар дэлгэрэнгүй санал солилцов.

Уулзалтын үеэр Ерөнхий консул Д.Болд тус эмнэлэгт эмчлүүлэх сонирхолтой Монгол Улсын иргэдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээний тарифыг БНХАУ-ын иргэдтэй адил тогтоох асуудлыг судалж, дэмжлэг үзүүлэх хүсэлт илэрхийлж, хамтран чихрийн шижин, цусны даралт ихсэх, цусан дахь холестрин ихсэх, зүрх судасны эмгэг зэрэг Монгол Улсад түгээмэл тохиолддог өвчлөлийг эрт илрүүлэх, оношлох, эмчлэх чиглэлээр туршлага солилцох, эмч болон оюутан, судлаачдыг харилцан дадлагажуулах, мэргэшүүлэх хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх санал дэвшүүлэв.

Рүйжин эмнэлгийн дарга, Академич Нин Гуан дээрх саналыг дэмжиж хамтран ажиллахаа дурдаж, Шанхай Хамтын Ажиллагааны Байгууллагын (ШХАБ) Бодисын солилцооны өвчин судлалын төвөөс 2026 оны 5 дугаар сарын 22-23-ны өдрүүдэд Шанхай хотноо зохион байгуулах мэргэшсэн судлаачдын уулзалтад Монгол Улсын төлөөлөгчдийг албан ёсоор оролцохыг урьж буйгаа илэрхийлсэн бөгөөд талууд дээрх чиглэлээр идэвхтэй хамтран ажиллахаар тохиролцов.  

Шанхайн Жяо Тун Их Сургуулийн Анагаах ухааны сургуулийн харьяа Рүйжин эмнэлэг 1907 онд байгуулагдсан бөгөөд 120 гаруй жилийн түүхтэй дотоод шүүрэл, цусны эмгэг судлал, түлэнхийн нөхөн сэргээх эмчилгээ зэрэг чиглэлээр Хятад улсад төдийгүй Ази тивд тэргүүлэх эгнээнд байгаа юм. Мөн тус эмнэлэг 2016 онд Үндэсний бодисын солилцооны менежментийн төв (National Metabolic Management Center)-ийн хөтөлбөр эхлүүлсэн бөгөөд өнөөгийн байдлаар 492 стандарт үйл ажиллагааны журам, 72 үндсэн технологид суурилсан цогц системийг нэвтрүүлж, Хятад даяар 1900 гаруй эмнэлэгт 3.5 сая өвчтөнийг тогтмол хянаж, эмчилгээ үйлчилгээ үзүүлдэг гэнэ.