images

ШАНХАЙ ХОТЫН ЗАМ ХАРИЛЦААНЫ (ЖЯОТУН) ИХ СУРГУУЛИЙН УХААЛАГ СҮЛЖЭЭ, ШИНЭ ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН СУДАЛГААНЫ ХҮРЭЭЛЭНГИЙН ДЭД ЗАХИРАЛ, ПРОФЕССОР ИНЬ ЧӨНЛЯН ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАВ

Ерөнхий консулын газрын мэдээ

2026-03-19

47

Монгол Улсаас БНХАУ-ын Шанхай хотод суугаа Ерөнхий консул Д.Болд 2026 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Шанхай хотын Зам харилцааны (Жяотун) их сургуулийн Ухаалаг сүлжээ, шинэ эрчим хүчний тээврийн хэрэгслийн судалгааны хүрээлэнгийн дэд захирал, профессор, “Бүс ба Зам” Монгол, Хятадын хил дамнасан тээвэр болон ухаалаг тоног төхөөрөмжийн хамтарсан лабораторийн хятадын талын төлөөлөгч Инь Чөнлян тэргүүтэй төлөөлөгчдийг урьж уулзав.

Уулзалтын эхэнд профессор Инь Чөнлян "Бүс ба Зам" санаачилгын хүрээнд Шанхай хотын Зам харилцааны (Жяотун) их сургууль болон Монгол Улсын Шинжлэх ухаан, технологийн их сургууль (ШУТИС) хамтран байгуулж буй "Монгол, Хятадын хил дамнасан тээвэр болон ухаалаг тоног төхөөрөмжийн хамтарсан лаборатори"-ийн үйл ажиллагааны явц, цаашдын төлөвлөгөөний талаар дэлгэрэнгүй танилцуулав. Энэхүү лаборатори нь ухаалаг тээврийн хэрэгсэл, жолоочгүй автомашин, хил дамнасан тээврийн үр ашгийг нэмэгдүүлэх, ухаалаг боомтын технологийг хөгжүүлэхэд чиглэж байгаа бөгөөд хоёр улсын дипломат харилцааны хүрээнд төрийн тэргүүний түвшинд үндэсний хэмжээний лаборатори болгон өргөжүүлэх зорилготой хэмээн онцлов.

Түүнчлэн талууд боловсон хүчин бэлтгэх чиглэлээр, тухайлбал "2+2" бакалаврын хөтөлбөр, магистр, докторын сургалт болон богино хугацааны мэргэжил дээшлүүлэх сургалтуудыг Шанхай хотын Зам харилцааны (Жяотун) их сургуулийн дэргэдэх Пүжян олон улсын дээд сургуулийг түшиглэн хэрэгжүүлэх талаар санал солилцов.

Ерөнхий консул Д.Болд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжиж буй "Илгээлт-2100" тэтгэлэгт хөтөлбөрт Шанхай хотын Зам харилцааны (Жяотун) их сургуулийн зүгээс тодорхой тооны тэтгэлэг олгож, хамтран ажиллах саналыг дэвшүүлэв. Ингэснээр Монголын шилдэг залуус дэлхийд нэр хүндтэй тус сургуульд инженерийн нарийн мэргэжлээр суралцаж, эх орныхоо бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулах боломж бүрдэхийг тэмдэглэв.

Уулзалтын үеэр профессор Инь Чөнлян энэ оны 7 дугаар сарын 4-ний өдөр Улаанбаатар хотноо "Бүс ба Зам" хамтын ажиллагааны форумыг ШУТИС-тай хамтран зохион байгуулах гэж буйгаа дурдаж, уг форумд тус сургуулийн Удирдах зөвлөлийн дарга Яан Жэньбинь тэргүүтэй өндөр түвшний төлөөлөгчид оролцох бөгөөд энэ үеэр Монгол Улсын төр, засгийн удирдлагатай уулзах, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурах хүсэлт илэрхийлэв.

Ерөнхий консул Д.Болд Шанхайн Зам харилцааны (Жяотун) их сургуулиас Монгол Улсын Зам, тээврийн яам, Боомтын захиргаа болон ШУТИС-тай тогтоосон хамтын ажиллагааг бүх талаар дэмжиж, сургуулийн удирдах бүрэлдэхүүний айлчлал болон форум зохион байгуулахад туслалцаа үзүүлэхэд бэлэн гэдгээ илэрхийлэв.