ЖЯНЬСУ МУЖИЙН КУНЬШАН ХОТ ДАХЬ АНУ-ЫН “DUKE” ИХ СУРГУУЛИЙН САЛБАР СУРГУУЛИЙН УДИРДЛАГАТАЙ ТАНИЛЦАХ УУЛЗАЛТ ХИЙВ
Ерөнхий консул Д.Болд 2026 оны 3 дугаар сарын 20-ны өдөр “Duke Kunshan” их сургуулийн захирал буюу канцлер Лю Яолинь-тэй уулзаж, тус сургуулийн сургалтын тогтолцоо, монгол оюутнуудын суралцаж буй нөхцөл байдал, Монгол Улсын адил төстэй боловсролын байгууллагатай хамтран ажиллах боломж, нөхцөлийн талаар санал солилцов. Тус сургууль нь АНУ-ын боловсролын стандартын дагуу англи хэлээр сургалт явуулж, оюутнуудад бүх талын ур чадварыг эзэмшүүлэхийг эрмэлзэж, дэлхийн нэр хүндтэй их сургуулиудад ажиллаж, суралцсан туршлагатай багш нарын хүчээр өндөр чанартай боловсрол олгоход онцгойлон анхаардаг талаар захирал Лю Яолинь дэлгэрэнгүй танилцуулав.

Өнөөгийн байдлаар тус сургуульд бакалавр түвшинд 1836 оюутан, магистрын түвшинд 244 оюутантай. Эдгээрээс гадаад улсын харьяат 540 оюутан суралцаж буйгаас Монгол Улсын 78 оюутан амжилттай боловсролд эзэмшиж байна.“Duke Kunshan” их сургуулийн бакалаврын түвшний оюутнууд эхний хоёр жил ерөнхий эрдмийн хичээл судалж, гурав дахь жилээс мэргэжлээ сонгож гүнзгийрүүлэн суралцдаг гэнэ.

Уулзалтын үеэр Ерөнхий консул Д.Болд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжиж буй “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” хөтөлбөрийг танилцуулж, монгол оюутнуудад зориулсан тэтгэлгийг нэмэгдүүлэх, Монгол Улсын их, дээд болон ахлах сургуультай хамтын ажиллагаа өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр идэвхтэй хамтран ажиллах санал дэвшүүлэв.“Duke Kunshan” их сургуулийн захирал Лю Яолинь тус сургуулиас тухайн оюутны сурлагын амжилтад тулгуурлан тэтгэлэг олгодог бөгөөд монголын талтай бүх талаар хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлэв.


Талууд цаашид оюутан солилцоо, зуны сургалтын хөтөлбөр, ахлах сургуулийн түвшний хамтын ажиллагаа болон харилцан айлчлалыг зохион байгуулах чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцов. Түүнчлэн энэ үеэр тус сургуульд суралцаж буй монгол оюутнуудын төлөөлөлтэй уулзаж, консулын газрын үйл ажиллагааг танилцуулж, тэдгээрийн санал хүсэлтийг нь сонсов.
