ЗҮҮН ХЯТАДЫН АРХИТЕКТУР, ДИЗАЙНЫ СУДАЛГААНЫ ХҮРЭЭЛЭН (ECADI)-ГИЙН УДИРДЛАГАТАЙ УУЛЗАВ
Монгол Улсаас БНХАУ-ын Шанхай хотод суугаа Ерөнхий консул Д.Болд 2026 оны 3 дугаар сарын 24-ний өдөр Зүүн Хятадын архитектур, дизайны судалгааны хүрээлэнгийн (ECADI) Намын хорооны нарийн бичгийн даргын орлогч Лю Шиньхуа болон Хятадын зураг төсөл, дизайны их мастер, тэргүүлэх зэргийн архитектор Ван Шяоань тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзав.

Уулзалтын эхэнд Лю Шиньхуа ECADI хүрээлэн нь Монгол, Хятадын найрамдалт харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагаанд өндөр ач холбогдол өгч буйгаа онцолж, өндрөөр үнэлдэг хэмээн онцлов. Түүнчлэн тэрбээр ECADI хүрээлэн нь Монгол Улсын эртний нийслэл Хархорум хотын шинээр бүтээн байгуулах төлөвлөлт, зураг төслийн олон улсын уралдаанд оролцож Тэргүүн байр эзэлсэн бөгөөд Монгол Улсын стратегийн ач холбогдол бүхий томоохон төслүүдийн зураг төсөл, төлөвлөлтөд хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлж байв.

Уулзалтын үеэр Ерөнхий консул Д.Болд Монгол Улсын Засгийн газраас Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт барихаар төлөвлөж буй “Төрийн ёслол хүндэтгэлийн цогцолбор” төсөл нь монгол үндэстний уламжлалт хэв маягийг орчин үеийн архитектурын шийдэлтэй хослуулж, төрийн дээд түвшний хүлээн авалт, олон улсын хурал, арга хэмжээ зохион байгуулах зориулалтаар ашиглах талаар товч танилцуулав. Түүнчлэн Монгол Улсын холбогдох байгууллагууд урьдчилсан судалгаа явуулж, төслийн нээлттэй тендер зарлах үеэр тус хүрээлэн идэвхтэй оролцож, Шанхай хотын бүтээн байгуулалтын шилдэг туршлагыг манай улсад нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлнэ хэмээн найдаж буйгаа илэрхийлэв.

Хятадын зураг төсөл, дизайны их мастер, тэргүүлэх зэргийн архитектор Ван Шяоань Шанхайн төрийн үйлчилгээний “Гранд Холлс” төв болон “Бээжин хотын хурлын төв” зэрэг өөрийн удирдсан томоохон төслийн бүтээн байгуулалтад үндэслэн үндэсний хэмжээний барилга байгууламжийн зураг төсөл, төлөвлөлтийн талаар дэлгэрэнгүй танилцуулга хийв. Тэрээр Монгол Улсын “Төрийн ёслол хүндэтгэлийн цогцолбор” төслийн төлөвлөгөөнд техникийн зөвлөгөө өгч, хурлын заалны багтаамжийг нэмэгдүүлэх, аюулгүй байдал болон иргэдэд нээлттэй байх орчныг ухаалгаар шийдэх зэрэг мэргэжлийн саналууд дурдаж байв.

Ерөнхий консул Д.Болд ECADI хүрээлэнгийн танилцуулга, мэргэжлийн зөвлөмжийг өндрөөр үнэлж, төслийн тендерийн мэдээлэл нийтлэгдсэн даруй шуурхай урилгыг албан ёсоор хүргүүлэхээ мэдэгдэж, хамтын ажиллагааг бүх талаар дэмжиж ажиллахаа илэрхийлж, талуудын архитектур дизайны чиглэлийн төрийн өмчит болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн хамтын ажиллагааг идэвхтэй хөгжүүлэхээр тохиролцов.
