images

ШАНХАЙ ХОТЫН РЭНЬЖИ ЭМНЭЛГИЙН ХҮҮХДИЙН ТАСГИЙН ЭЛЭГ ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ МЭС ЗАСЛЫН БАГ, ХАМТ ОЛОНД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЭВ

Ерөнхий консулын газрын мэдээ

2026-04-02

30

Монгол Улсаас БНХАУ-ын Шанхай хотод суугаа Ерөнхий консул Д.Болд 2026 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр БНХАУ-ын шилдэг 13 эмнэлгийн нэг Шанхай хотын тэргүүлэх зэргийн Рэньжи эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хорвоод мэндлээд 8 сар 5 хоног болж байгаа Монгол Улсын бяцхан иргэн Отгонбаярын Сэцэнгоод элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай гүйцэтгэсэн тус эмнэлгийн захирал бөгөөд Ерөнхий эмч, БНХАУ-ын академич Шя Чян болон түүний баг хамт олонтой уулзаж талархал илэрхийлэв.

Уулзалтаар өвчтөний биеийн байдлын талаар дэлгэрэнгүй ярилцаж, Рэньжи эмнэлгийн Академич, Ерөнхий эмч Шя Чян хагалгаа амжилттай болсныг онцлон дурдаж, эдгэрэх, тэнхрэх үйл явц хурдан явагдаж буйг танилцуулж, олон улсад маш хүнд хэмээн тооцогддог хагалгааг Монгол Улсын бяцхан иргэнд хоёр дахь удаагаа амжилттай хийсэндээ баяртай байгаагаа илэрхийлэв. Түүнчлэн тэрээр Рэньжи эмнэлгийн хүүхдийн элэг шилжүүлэн суулгах баг нь энэ төрлийн хагалгааг олон удаа амжилттай гүйцэтгэсэн арвин туршлагатай бөгөөд цаашид Монгол Улсаас өөр өвчтөн хүлээн авч, бүх талын эмчилгээ, үйлчилгээ үзүүлэхэд бэлэн гэдгээ мэдэгдэв.

Ерөнхий консул Д.Болд Монгол Улсын бяцхан иргэн О.Сэцэнгоогийн эцэг Ц.Отгонбаяр, эх Б.Булгамаа нарт аз жаргал, эрүүл энхийг хүсэж, уг мэс заслыг зохион байгуулахад гүн туслалцаа үзүүлсэн БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Шанхай хотын Ардын засгийн газрын Эрүүл мэнд, биеийн тамирын хороо, Рэньжи эмнэлгийн хамт олон болон “Талын өртөө холбоо” ТББ-д дахин талархал илэрхийлсэн болно.

Монгол Улсад эмчлэгдэх боломжгүй өвчтэй иргэнийг хүлээн авч эмчлэх “Ногоон гарц”-ыг үргэлжлүүлж, БНХАУ-ын тэргүүлэх эмнэлгүүдийн нэг Шанхай хотын Зам, тээврийн их сургуулийн харьяа Рэньжи эмнэлэгтэй тогтоосон хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх хүрээнд энэхүү хагалгааг монгол, хятадын олон сайхан сэтгэлт хувь хүн, аж ахуйн нэгжийн тусламж, дэмжлэгээр зохион байгуулсан гэдгийг онцлон дурдах нь зүйтэй.