АЗИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, ХӨГЖЛИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ФОРУМД ОРОЛЦОВ
Жянсү мужийн Сүжөү хотноо Хятадын Азийн эдийн засгийн хөгжлийн холбооны Гадаад хөрөнгө оруулалтын хороо, Шанхайн металлургийн зах зээл, Шинэ эрчим хүчний аж үйлдвэрийн үзэсгэлэн хамтран 2026 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр зохион байгуулсан “Азийн хөрөнгө оруулалт, хөгжлийн хамтын ажиллагааны форум”-д Ерөнхий консул Д.Болд зохион байгуулах талын урилгаар оролцов.

Ерөнхий консул Д.Болд форумын үеэр танилцуулсан илтгэлдээ Монгол Улсын эдийн засгийн тогтвортой байдал, гадаад валютын нөөц нэмэгдэж буй хандлага, нүүрс, зэс, төмрийн хүдэр гэх мэт экспортын өсөлт, сэргээгдэх эрчим хүчний 3300 ГВт-ийн нөөц чадавх, хөрөнгө оруулалтын эрх зүйн орчны шинэчлэл, татварын таатай нөхцөл зэргийг онцолж, Монгол Улс бүс нутгийн эрчим хүч, түүхий эдийн нийлүүлэлтэд тэргүүлэх байр суурь эзлэх зорилгоор “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого, дунд хугацааны “Шинэ сэргэлтийн бодлого” болон “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр” баталж, идэвхтэй хэрэгжүүлж буйг дэлгэрэнгүй мэдээлэл хийв.

Тус форумд манай улсаас гадна Пакистан, Индонез, Вьетнам, Узбекистан улсаас Шанхай хотод суугаа Ерөнхий консулууд оролцож өөрийн улсын хөрөнгө оруулалтын орчин, бодлогын чиглэл, тэргүүлэх салбарын талаар дэлгэрэнгүй илтгэл танилцуулсан болно. Энэхүү форум нь азийн улс орнууд хоорондын хөрөнгө оруулалт, технологи, үйлдвэрлэлийн уялдаа холбоог бэхжүүлэх, бодит хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, шинэ түншлэл, хөрөнгө оруулалтын боломжийг сурталчлахад ач холбогдолтой арга хэмжээ болов.


Түүнчлэн энэ үеэр Ерөнхий консул Д.Болд МҮХАҮТ-ын Шанхай хот дахь төлөөлөгч Б.Золцэнгэлийн хамт хятадын “Greenland” группийн дэмжлэгээр Сүжөү хотноо нээсэн монголын брэнд бүтээгдэхүүний дэлгүүрээр зочилж, тус бүс нутагт бизнес эрхлэгч монголчууддаа бүх талын дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийлэв.
