ЖЯНСҮ МУЖИЙН СҮЖӨҮ ХОТЫН ОРЛОГЧ ДАРГА ХАТАГТАЙ ЖЫ ЖИНТЭЙ УУЛЗАВ
Монгол Улсаас БНХАУ-ын Шанхай хотод суугаа Ерөнхий консул Д.Болд 2026 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр Жянсү мужийн Сүжөү Ардын засгийн газрын төв байранд тус хотын орлогч дарга Жы Жинтэй уулзаж, хоёр талын хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Уулзалтын үеэр Ерөнхий консул Д.Болд Монгол Улсын эдийн засгийн бүтэц, уул уурхай, хөдөө аж ахуй, аялал жуулчлалын салбарын онцлог, давуу тал болон хөрөнгө оруулалтын боломжийг танилцуулж, Сүжөү хоттой эдийн засаг, худалдаа, боловсрол, соёл, аялал жуулчлалын чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх өргөн боломжтой гэдгийг онцлов. Мөн хоёр талын орон нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх хүрээнд Сүжөү хотыг Монгол Улсын түвшин тохирох хоттой найрсаг хамтын ажиллагаатай хотын харилцаа тогтоох, оюутан солилцоо, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжиж буй "Илгээлт-2100" тэтгэлэгт хөтөлбөрийг дэмжих хүсэлт илэрхийлэв.

Сүжөү хотын даргын орлогч Жы Жин тус хот нь 2500 гаруй жилийн түүхтэй соёлын өв бүхий хотоос гадна эдийн засгийн өндөр хөгжилтэй болохыг танилцуулж, 2025 оны байдлаар дотоодын нийт бүтээгдэхүүн нь 2.77 их наяд юаньд хүрч, улсын хэмжээнд 6 дугаарт, төсвийн орлогоор 5 дугаарт, гадаад худалдааны хэмжээ, өндөр технологийн аж ахуйн нэгжийн тоогоор 4 дүгээрт, аж үйлдвэрийн үзүүлэлтээр улсдаа 2 дугаарт, дундаж наслалтаар 1 дүгээрт жагсаж буй талаар онцлон дурдав. Мөн тус хотод 19 мянга гаруй гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж, дэлхийн шилдэг 500 компанийн 185 нь нийт 508 төсөл хэрэгжүүлж буйг танилцуулж байлаа. Талууд цаашид худалдаа, хөрөнгө оруулалт, боловсрол, аялал жуулчлал, эрүүл мэндийн салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх, аж ахуйн нэгжүүдийг холбох, үзэсгэлэн, форум, бизнес уулзалтыг зохион байгуулах замаар бодит хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх чиглэлээр идэвхтэй хамтран ажиллахаар санал нэгдэв.
