images

ШАНХАЙ ХОТЫН ЗАМ, ТЭЭВРИЙН ИХ СУРГУУЛИЙН УДИРДЛАГАТАЙ УУЛЗАВ

Ерөнхий консулын газрын мэдээ

2026-04-29

192

Ерөнхий консул Д.Болд 2026 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Шанхай хотын Зам, тээврийн их сургуулийн Миньхан дүүрэг дэх хичээлийн байранд зочилж, тус сургуулийн дэд захирал Лю Вэйдунтай албан уулзалт хийв. Уулзалтын эхэнд талууд боловсрол, шинжлэх ухаан, судалгаа мэдээлэл, оюутан солилцоог хөгжүүлэх, хамтран төсөл хэрэгжүүлэх боломж, нөхцөлийн талаар санал солилцов.

Уулзалтын явцад тус сургуульд суралцаж буй монгол оюутнуудын сурлага, амьдралын нөхцөл байдал, тэтгэлгийн боломж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжиж буй "Илгээлт-2100” хөтөлбөрийн хүрээнд хамтран ажиллах боломжийн талаар ярилцав. Тус сургуульд өнөөдрийн байдлаар Монгол Улсын 30 гаруй оюутан бакалавр, магистр, доктор болон хэлний бэлтгэлийн түвшинд суралцаж байна.

Мөн талууд “Бүс ба зам санаачилга”-ын хүрээнд хэрэгжүүлэхээр яригдаж буй хамтарсан лаборатори, шинэ эрчим хүч, хиймэл оюун ухаан, ухаалаг боомт, тээвэрлэлтийг хөгжүүлэх хүрээнд хамтарсан судалгаа, төсөл хэрэгжүүлэх чиглэлээр идэвхтэй хамтран ажиллахаар тохиролцов.

Түүнчлэн энэ үеэр тус сургуульд суралцаж буй монгол оюутнуудын төлөөлөлтэй уулзаж, консулын үйл ажиллагаа, төрийн цахим үйлчилгээний талаар дэлгэрэнгүй танилцуулж, оюутнуудын санал хүсэлтийг сонсож, сонирхсон сэдвээр мэдээлэл өгөв.