images

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ХУДАЛДАА, АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМЫН БИЗНЕС АЯЛЛЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Ерөнхий консулын газрын мэдээ

2026-05-12

117

Ерөнхий консул Д.Болд 2026 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимаас зохион байгуулж буй бизнес аяллын төлөөлөгчдийг Монгол Улсаас БНХАУ-ын Шанхай хотод суугаа Ерөнхий консулын газарт хүлээн авч уулзав.

Тус бизнес аяллын төлөөлөгчдийг Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын Гишүүнчлэл, салбар танхим хариуцсан газрын ахлах мэргэжилтэн Л.Энхцэцэг тэргүүлж ирсэн бөгөөд бүрэлдэхүүнд “Старт Эс Ти Эс Фүүдс” ХХК, “Яруу зүйл” ХХК, “Памир Оргил” ХХК, “Мөнхгүрэн” ХХК, “Докострой” ХХК, “Баясгалант Бүрд” хоршоо, Булган аймгийн МҮХАҮТ, “Цагаан сүүний буян” ХХК, “Завхан буурал” хоршоо, Налайхын үйлдвэрлэл, технологийн парк ХК зэрэг хүнсний үйлдвэрлэл, барилгын материалын салбарт үйл ажиллагаа эрхэлдэг байгууллага, аж ахуйн нэгжийн 20 гаруй төлөөлөл багтаж ирэв.

 

Уулзалтын үеэр Ерөнхий консул Д.Болд Ерөнхий консулын газрын үйл ажиллагаа, консулын тойргийн худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын орчин, мөн Монголын аж ахуйн нэгжүүд БНХАУ-ын зах зээлд нэвтрэхэд анхаарах асуудлын талаар танилцуулга, мэдээлэл хийв. Тэрбээр Хятадын зах зээлд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ нэвтрүүлэхэд тулгамдаж буй нийтлэг сорилт, ашиглаж болох нөөц боломж, хамтын ажиллагааны сувгуудын талаар мэдээлэл өгч, төлөөлөгчдийн сонирхсон асуултад хариулж, зөвлөгөө өгч, мэдээлэл солилцов.

Энэхүү бизнес аялалд Монгол Улсын орон нутагт үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллагын төлөөлөл өргөнөөр оролцож буй нь онцлог бөгөөд цаашид эх орныхоо бүтээгдэхүүн, үйлчилгээг хятадын зах зээлд таниулах, хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд ач холбогдолтой арга хэмжээ болж байна.