images

МОНГОЛ УЛСЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМНЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Н.ЭРДЭНЭБАЯР ШАНХАЙ ХОТЫН РҮЙЖИН ЭМНЭЛГИЙН УДИРДЛАГАТАЙ УУЛЗАВ

Ерөнхий консулын газрын мэдээ

2026-05-26

14

Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбаяр тэргүүтэй төлөөлөгчид 2026 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Шанхайн Жяо Тун их сургуулийн Анагаах ухааны сургуулийн харьяа Рүйжин эмнэлэгт зочилж, тус эмнэлгийн дарга, Академич Нин Гуан-тай албан уулзалт хийж, хоёр улсын эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх боломж, нөхцөлийн талаар санал солилцов.

Уулзалтын үеэр тэрбээр Рүйжин эмнэлэгт эмчлүүлэх сонирхолтой Монгол Улсын иргэдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээний тарифыг БНХАУ-ын иргэдтэй адил тогтоох асуудлыг судалж, дэмжлэг үзүүлэх хүсэлт илэрхийлж, хамтран Монгол Улсад оношлогдсон хэдий ч эмчлэх боломжгүй 25 төрлийн өвчнийг эмчлэх хүрээнд эмч мэргэжилтнүүдийг богино, дунд хугацааны сургалтад хамруулж, хамтран ажиллахаар тохиролцов.

Рүйжин эмнэлгийн дарга, Др.Нин дээрх санал, санаачилгыг дэмжиж, Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн Зүрх-судасны мэс заслын эмчийг тус эмнэлэгт урт хугацааны сургалтад хамруулж буйг онцлон дурдаж, Монгол Улсын эмч мэргэжилтнүүдтэй бодисын солилцооны эмгэг, зүрх судасны мэс засал, нойр булчирхайн мэс засал, хавдрын эмчилгээний чиглэлээр туршлага хуваалцаж, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийллээ.