images

ЖИНХУА ХОТНОО ХЯТАДЫН ОЛОН УЛСЫН ОТОГЛОХ АЯЛЛЫН ИХ ХУРАЛ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДАВ

Ерөнхий консулын газрын мэдээ

2026-05-22

13

БНХАУ-ын Жөжян мужийн Жинхуа хотноо 2026 оны 5 дугаар сарын 15-17-ны өдрүүдэд III удаагийн “Хятадын олон улсын отоглох аяллын их хурал” амжилттай зохион байгуулагдлаа. Хурлын ажиллагаанд Монгол, Малайз, Солонгос, Непал зэрэг орнуудаас 200 гаруй олон улсын зочин, төлөөлөгч, аялал жуулчлалын мэргэжилтнүүд оролцож, байгальд отоглох аяллын соёл, эко аялалын дэд бүтцийг хөгжүүлэх чиглэлээр өрнүүлсэн хэлэлцүүлэгт Монгол Улсаас Шанхай хотод суугаа ЕКГ-ын дипломат ажилтан оролцов.

Хурлын арга хэмжээг нээж морин хуурч Г.Номин-Эрдэнэ морин хуурын уянгалаг аялгууг гоцлон толилуулж, дуучин Д.Билгүүн ая дууны мэндчилгээ өргөж, хуран цугласан олон улсын зочдод монгол соёл урлагийн гайхамшгийг мэдрүүлж, эх орноо сурталчлав.

Үйл ажиллагааны үеэр Олон улсын уулын аялал жуулчлалын холбоо (IMTA)-ны Дэд ерөнхийлөгч Хө Яфэй “Олон улсын уулын спорт, амралт зугаалгын тоног төхөөрөмжийн жишиг төв”-ийг албан ёсоор нээж, отоглох соёл, дэд бүтэц, тоног төхөөрөмжийн олон улсын хамтын ажиллагааны гэрээнд Хятадын тал, Монголын “Mongolian Housing Development” ХХК, БНСУ-ын Отоглох аяллын холбоо, Европын "Кемпингийн гэр" (Camping Home) зэрэг ААН-үүд гарын үсэг зурав.

Хурлын хүрээнд Жинхуа хотод соёл, спорт, байгалийн аялалын брэнд, RV үзэсгэлэн худалдаа 2026 оны 11 дүгээр сар хүртэл үргэлжилнэ.