images

ДЭЛХИЙН НҮҮРСНИЙ ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ИННОВАЦЫН ХУРАЛД ОРОЛЦОВ

Ерөнхий консулын газрын мэдээ

2026-06-10

27

БНХАУ-ын Шанхай хотын Шинэ олон улсын үзэсгэлэнгийн төвд 2026 оны 6 дугаар сарын 10-12-ны өдрүүдэд зохион байгуулагдаж буй “Дэлхийн нүүрсний шинжлэх ухаан, технологийн инновацын хурал” албан ёсоор нээлтээ хийв. Уг хурлын гол зорилго нь нүүрсний салбарын технологийн шинэчлэл, ухаалаг олборлолт, цэвэр эрчим хүчний хэрэглээг дэмжих, олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чиглэж байна. 

Хурлыг Хятадын Инновац, хөгжлийн стратегийн хүрээлэн (CIIDS)-ийн дэмжлэгтэйгээр тус хүрээлэнгийн Эрчим хүчний аж үйлдвэрийн хороо, БНХАУ-ын Нүүрсний аж үйлдвэрийн нийгэмлэг болон Нүүрсний машин, тоног төхөөрөмжийн аж үйлдвэрийн нийгэмлэг хамтран зохион байгуулж байна. Тус арга хэмжээнд АНУ, ОХУ, Энэтхэг, Индонез, Австрали, Казахстан, Пакистан, Өмнөд Африк зэрэг нүүрс олборлогч, экспортлогч томоохон улсуудын төлөөлөгчид болон Монгол Улсыг төлөөлж "Монголын нүүрсний ассоциаци"-ийн Ерөнхийлөгч Б.Бямбадагва тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна. 

Нээлтийн арга хэмжээнд Монгол Улсаас БНХАУ-ын Шанхай хотод суугаа Ерөнхий консул Д.Болд оролцож хэлсэн үгэндээ “Нүүрс нь дэлхийн эдийн засаг, аж үйлдвэржилтийн чухал энергийн эх үүсвэр байгалийн баялаг бөгөөд Монгол Улс уул уурхайн салбарын технологийн шинэчлэл, ухаалаг олборлолтыг эрчимтэй дэмжиж, Хятад улстай нүүрс, эрчим хүчний салбарын хамтын ажиллагааг тасралтгүй өргөжүүлэн хөгжүүлэхэд онцгой ач холбогдол өгдөг талаар онцлон тэмдэглэв.

Тэрчлэн 2025 оны жилийн эцсийн байдлаар Монгол Улсаас БНХАУ-ын нийт нүүрсний импортын 18.6 хувь буюу 90 сая тонн нүүрс нийлүүлж түүхэн дээд амжилт тогтоосон бөгөөд 2026 онд энэхүү ажмилтыг бататгаж, улам ахиулахын төлөө ажиллаж буйгаа танилцуулав. Түүнчлэн Монгол Улсын Засгийн газраас дэлхийн нүүрсний салбарын тогтвортой хөгжил, цэвэр, үр ашигтай байдлыг дээшлүүлэхэд олон улсын хамтын ажиллагаа нэн чухал хэмээн үздэг болохыг дурдаж, цаашид Монгол Улсын нүүрсний хайгуул, олборлолт, экспортын салбарт хөрөнгө оруулж, улам идэвхтэй хамтран ажиллахыг оролцогчдод уриалав.