ШАНХАЙ ХОТЫН “ЛУНЧУАН” АВТОМАШИНЫ ДИЗАЙН, ИНЖЕНЕРЧЛЭЛИЙН КОМПАНИЙН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАВ

Монгол Улсаас БНХАУ-ын Шанхай хотод суугаа Ерөнхий консул Д.Болд 2026 оны 10 дугаар сарын 21-ний өдөр “Лунчуан” автомашины дизайн, инженерчлэлийн хувьцаат компанийн бизнес хариуцсан менежер Жан Цө, Сингапур дахь салбарын төлөөлөгч Ху Гаода нарын төлөөлөгчдийг хүсэлтээр нь хүлээн авч уулзав.
Уулзалтын эхэнд менежер Жан Цө “Лунчуан” хувьцаат компани бол олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн БНХАУ-ын дотоодын BYD, Great Wall Motors болон АНУ-ын Tesla, Ford, Япон улсын Toyota, Nissan зэрэг 50 гаруй автомашин үйлдвэрлэгч компаниудтай хамтран ажиллаж, тэдгээрийн автомашины загвар, дизайн, судалгаа хөгжүүлэлт, үйлдвэрлэлийн туршилт зэргийг захиалагчийн хүсэл сонирхолд нийцүүлж гүйцэтгэдэг бөгөөд 33 охин компани, 4500 гаруй ажилчидтай, Бүх хятадын жижиг, дунд аж ахуйн нэгжүүдийн хувьцаа арилжаалах системд бүртгэлтэй аж ахуйн нэгж хэмээн дэлгэрэнгүй танилцуулав.

Улмаар Монгол Улсын автомашины зах зээлийн өнөөгийн нөхцөл байдал, эрэлт хэрэгцээ, цаашдын хөгжлийн боломжийн талаар сонирхож буйгаа илэрхийлсэн бөгөөд Ерөнхий консул Д.Болд Монгол Улсын автомашины зах зээлийн өнөөгийн нөхцөл байдал, салбарын хөгжлийн чиг хандлага, төрөөс баримталж буй бодлогын талаар мэдээлэл өгч, хамтын ажиллагааг хөгжүүлэх боломж, нөхцөлийг талаар санал солилцов.

Түүнчлэн Ерөнхий консул Д.Болд Монгол Улсын эрс тэс уур амьсгалд тохирсон, ялангуяа өвлийн хүйтэнд ашиглах боломжтой тээврийн хэрэгслийг манай улсын хэрэглэгчид олноор сонирхох талаар онцлон дурдаж, тус компани манай улсад хэрэгжүүлэхээр сонирхож буй төслийн технологийн шийдэл, эдийн засгийн үр ашиг, хэрэгжих боломж, нөхцөлийн талаар бизнес төлөвлөгөө, техник, эдийн засгийн үндэслэл боловсруулсан тохиолдолд хамтран ажиллах бизнесийн түнш олоход бүх талаар дэмжлэг үзүүлэхэд бэлэн гэдгээ илэрхийлэв.
