Аялал жуулчлалын цахим мэдээллийн платформд ярилцлага өгөв
• Таньд энэ өдрийн мэндийг хүргье. Монгол Улсаас Шанхай хотод суугаа Ерөнхий консулын газар нээгдсэнээр Монгол улс руу аялах сонирхолтой иргэд аялалын виз авахад илүү дөхөм болж байна гэж ойлгож болох уу?
• Шанхай хотод Монгол Улсын ЕКГ нээгдсэнээр Шанхайд илүү ойрхон байгаа газруудад буй Монгол Улсыг сонирхсон БНХАУ болон бусад улсын иргэд ирж виз авах боломж бүрдэж байгаа юм. Өөрөөр хэлбэл орон зай, цаг хугацааг хэмнэх боломжтой болж байгаа юм. Гэхдээ манай улсын визний шаардлага хууль журмын дагуу адил гэдгийг ойлгох хэрэгтэй.
• Монгол Улс руу аялах сонирхолтой хүмүүст хандаж ямар зөвлөгөө өгөх вэ?
• Монгол Улс бол хөгжиж буй орон, манайд аялал жуулчлал чухалд тооцогддог.
• Монгол Улс бол өргөн тал газар нутаг, 4 улиралтай орон. Монголын 4 улиралд цаг агаарын хэм, байгалийн өнгө төрх, хүн ардын амьдралын хэмд нөлөөлөх зэрэг нь эрс тэс ялгаатай. Тийм учраас та Монгол Улс руу аялах сонирхолтой байгаа бол цаг агаарын асуудлыг бодож үзэх хэрэгтэй. Та хэрэв цасанд дарагдсан хүйтэн өвлийг хармаар байгаа бол Монголд өвөл зочилж, өвлийн аялал жуулчлалыг сонирхож болно. Гэвч өвлийн улиралд Монгол Улсад өдөртөө дундаж температур -25︒С, шөнөдөө -35︒С хүрдэгийг анхаарах хэрэгтэй. Экстрем спортод дуртай хүмүүс өвөл Монголд аялах нь хамгийн зөв сонголт байх юм. Харин алтан шар намрыг үзмээр байгаа бол 9,10 сар тохиромжтой. Зун бол жуулчдад хамгийн тохиромжтой үе. Зөвхөн Улаанбаатар хотын эргэн тойрны газруудыг үзээд зогсохгүй, хөдөө алсын байгаль, цаг агаар, хүн ардын соёлыг үзэх боломжтой. Ер нь та Монголд очвол орчин цагийн хотын хөгжлөөс гадна дэлхийд ховорхон нүүдэлчин ахуй хэрхэн зэрэгцэн оршиж байгааг харах боломжтой
• Монгол Улсад ямар ямар уламжлалт хоолнууд байдаг вэ?
• Монгол бол мал аж ахуйн орон. Монголын мал фермд биш, бэлчээртэй өсч үржиж байдаг. Монголчууд малаа ямар нэг химийн бордоогоор тэжээдэггүй. Бэлчээрээс шим тэжээлээ өөрөө шилж иддэг. Тиймээс Монголын махыг амттай бас чанартай гэдэг. Үүнийг ярьж буй учир нь Монгол үндэсний хоолонд мах зонхилдог. Хорхог, боодог гэх мэт үндэсний зоогоос гадна айраг гэх мэт хүндэтгэлийн болоод үндэсний хоолыг та бүхэн зөвхөн Монголд амтлах боломжтой. Мөн олон төрлийн үндэсний хоол бий.
• Монгол Улсын үндэсний дуу хөгжим, бүжгийн талаар ярина уу?
• Монгол үндэсний урлаг бол бидний эртний түүх, нүүдэлчин ахуй соёлтой холбоотой. Уртын дуу, хөөмий, морин хуур, үндэсний бүжиг гээд олон зүйлийг нэрлэж болно. Үүнд 21 ястны онцлог бас тус бүртээ бас бий. Энэ бүгдийг цогцоор нь багтаасан олон сайхан тоглолтыг та бүхэн жуулчны улирал эхлэхээр Монголд үзэх боломжтой. Мөн рок поп урлаг, сонгодог урлаг мэргэжлийн түвшинд хөгжсөн.
• Цаашид Шанхай хотод Монгол Улсын үндэсний соёл урлаг, аялал жуулчлал, хоолтой холбоотой арга хэмжээ зохион байгуулах уу?
• ЕКГ-ын үйл ажиллагааны нэг чухал хэсэг бол Монгол улсаа сурталчлан таниулах явдал юм. Тиймээс Монголын соёл, урлаг, аялал жуулчлалтай холбоотой олон арга хэмжээг Шанхай хотод зохион байгуулах болно. Энэ нь Монголыг сонирхсон хэн бүхэнд ойроос мэдээлэл авч, мэдрэх боломжийг олгоно гэж найдаж байна.