МОНГОЛ УЛС, БНХАУ-ЫН ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМД ХООРОНДЫН 20 ДАХЬ УДААГИЙН КОНСУЛЫН ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ БОЛОВ
Ерөнхий консулын газрын мэдээ
2019-12-09
Монгол Улс, БНХАУ-ын Гадаад харилцааны яамд хоорондын 20 дахь удаагийн Консулын зөвлөлдөх уулзалт 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Бээжин хотноо амжилттай болж өндөрлөлөө. Зөвлөлдөх уулзалтад монголын талаас Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг, хятадын талаас БНХАУ-ын Гадаад хэргийн яамны Консулын газрын дарга Цүй Аймин нар тэргүүтэй төлөөлөгчид оролцсон ба Шанхай хотод суугаа Ерөнхий консул Ё.Нямжав болон Бээжин, Хөххот, Хонконг, Эрээн дэх Консулын газрын удирдлагууд байлцав.
Зөвлөлдөх уулзалтын үеэр талууд иргэд харилцан зорчих нөхцөл, хоёр талын иргэд, аж ахуйн нэгжүүдийн эрх ашгийг хамгаалах, Гашуунсухайт-Ганцмод боомтоор тээвэр хийж буй жолооч нарт консулын үйлчилгээ хүргэхэд тулгарч буй асуудлаар санал, мэдээлэл солилцсоноос гадна БНХАУ-д суралцах монгол оюутнууд виз мэдүүлэхэд сүүлийн жилүүдэд тулгарч буй хүндрэлтэй асуудлыг шийдвэрлэх зэрэг консулын харилцааны өргөн хүрээтэй асуудлаар санал солилцов.
Түүнчлэн энэ үеэр хоёр талын иргэд гэмт хэрэг, зөрчилд холбогдохоос урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтран ажиллаж, хоёр улсын холбогдох хууль, журмыг иргэдэд сурталчлах, тэдэнд мэдээлэл түгээх аяныг хамтран зохион байгуулахаар тогтсон нь энэ удаагийн уулзалтын нэг онцлог байлаа.
|