images

ЕРӨНХИЙ КОНСУЛ Ё.НЯМЖАВ ШАНХАЙ ХОТЫН ЗАХИРАГЧИЙН УУЛЗАЛТАД ОРОЛЦОВ

Ерөнхий консулын газрын мэдээ

2019-12-11

140

Шанхай хотын захирагч Инг Юнг жил бүрийн шинэ оны өмнө тус хотод өөрийн улсыг төлөөлөн суугаа Ерөнхий консулуудыг хүлээн авч уулздаг бөгөөд энэ удаагийн уулзалтад 78 орны консулууд оролцлоо. 

Хотын захирагч 2019 оны хотын нийгэм эдийн засгийн хөгжлийн түвшинг тоон үзүүлэлтүүд болон цаашид анхаарч буй гол гол салбарын бодлогуудаа танилцууллаа. Тухайлбал Линганг дүүргийн чөлөөт худалдааны бүс буюу Shanghai Free Trade Zone албан ёсоор нээгдэн татвар, газар төлөвлөлт, үйлдвэрлэлийн төвлөрлийн чиглэлийн асуудлуудыг хамарсан 50 гаруй бодлого хэрэгжиж эхлэснийг мэдээлэв. Уг дүүргийг орон сууц,худалдаа, аялал жуулчлал, технологи инноваци болон амралт чөлөөт цагт зориулсан хот төлөвлөлтийн шинэ загвар болгон хөгжүүлж байна. 386 км кв энэхүү том бүтээн байгуулалтын мастер төлөвлөгөөний дүнд 2025 онд 350 тэрбум юань буюу 50 сая долларын дүн ДНБ-ий үйлдвэрлэл бий болно гэж тооцжээ. 



Мөн Шанхайн хөрөнгийн бирж дээр Шинжлэх ухаан Технологи, Инновацийн зөвлөлтэй болсоноор 4 сарын дотор 46 компани хувьцаагаа арилжиж, 930 тэрбум юаний зах зээлийн ханштай орсноос 566 тэрбум юаний ашиг хуримтлуулсаныг дуулгав. 

"Хөх мөрний сав газрын экологи-интеграцчилалын загвар бүс”-ийн бие даасан бүтэц үйл ажиллагаа эхлүүлсэнийг ч мөн мэдээлэлдээ багтаасан байна. 

Шанхай хот нь бизнесийн орчин хамгийн сайтай газруудын тоонд толгой цохиж, гэрээний хэрэгжилт, эрчим хүчний хангалт, бизнес эхлүүлэх, хөрөнгө бүртгүүлэх, жижиг болон дунд бизнест хөрөнгө оруулагчдыг хамгаалах зэрэг 5 үзүүлэлтийн нийлбэрээр дэлхийн шилдэг 30 хотод багтжээ. 

Өдгөө Шанхай хот 16 дүүрэгтэй, 24.2 сая хүн амтай. 2018 онд хотын ДНБ 3.268 триллион юань, нэг хүнд ноогдох ДНБ 135.000 юань болжээ. Хотын санхүүгийн зах зээлийн хэмжээ 1.600 триллион юань ба 2018 онд боомтуудын экспорт импортын нийт хэмжээ нь 1.29 триллион ам долларт хүрч, боомтууд дээрх контейнер ачилтын хэмээгээр дэлхийд тэргүүлжээ. Өнөөдөр Шанхайд 687 Олон улсын байгууллагын бүсийн төв, 448 Гадаадын хөрөнгө оруулалтай ААН, байгууллага байдаг. 700 гаруй км урт метроны замтайгаараа мөн дэлхийд нэгдүгээрт ордог. Нэг хүнд ноогдох газрын хэмжээ 3.9 мкв байсан бол 2018 онд 36.7 мкв болж, харин нэг хүнд ноогдох ногоон байгууламжийн хэмжээ 8.2 мкв болжээ. Иргэдийн дундаж наслалт 83.63 байна. 

Уулзалтад Шанхай хотын дэд дарга Шью Күнлин, Шанхай хотын Ардын засгийн газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Чөн Жин, Шанхай хотын Ардын засгийн газрын нарийн бичгийн дэд дарга Шанг Юүй Инг, Шанхай хотын Ардын засгийн газрын Гадаад харилцааны албаны дарга Жанг Сяо Сүн, Шанхай хотын худалдааны хорооны дарга Хуй Юань, Шанхай хотын хүний нөөц, нийгмийн аюулгүй байдлын товчооны дарга Жао Юнг Фэн зэрэг удирдлагууд байлцлаа.