images

БНХАУ-ын Үндэсний Эрүүл мэндийн хорооноос 2020 оны 1 дүгээр сарын 26-ний өдөр шинэ коронавирусын халдварын тархалтын урьдчилан сэргийлэх үед байнга хэрэглэх эмнэлгийн хэрэглэлийг ашиглах зөвлөмж

Ерөнхий консулын газрын мэдээ

2020-01-31

132

БНХАУ-ын Үндэсний Эрүүл мэндийн хорооноос 2020 оны 1 дүгээр сарын 26-ний өдөр шинэ коронавирусын халдварын тархалтын урьдчилан сэргийлэх үед байнга хэрэглэх эмнэлгийн хэрэглэлийг ашиглах зөвлөмжийг гаргаж холбогдох муж, хот, ӨЗО, ЗЗОБ-үүдийн эмнэлгийн байгууллагуудад хүргүүлсэн байна. 
1. Мэс заслын зориулалт бүхий амны хаалт: Урьдчилсан үзлэг, тусгай амбулатор болон тусгаaрласан эмчилгээний бүсэд хэрэглэнэ. Бохирдсон, норсон тохиолдолд, нэн даруй солино. 
2. Эмнэлгийн хэрэгцээний урьдчилан сэргийлэх амны хаалт: Зарчмын хувьд тусгай амбулатор, тусгаарлан ажиглах бүс (өрөө), тусгаарлан эмчлэх тасаг, хүнд хэлбэрээр өвчилсөн өвчтөнг хянан эмчлэх тусгаарласан бүс (өрөө)-д хэрэглэхээс гадна, амьсгалын замын шинжилгээний дээж авах, улаан хоолойд гуурс залгах, улаан хоолойг зүсэж задлах, амьсгалын аппарат залгах, цэрний дээж авах зэрэг цус, шингэн гарч болзошгүй үйл ажиллагааг гүйцэтгэх үед зүүж хэрэглэнэ. 4 цаг тутамд солих ба бохирдож, норсон тохиолдолд нэн даруй солино. Эмнэлгийн бусад хэсэг болон өөр газарт ашиглахгүй. 
3. Үзлэгийн резин бээлий: Урьдчилсан үзлэг, тусгай амбулатор болон тусгаарлах бүс, хүнд өвчтөн хянах бүсэд ашиглахдаа зөв өмсөж, тайлахаас гадна, ойр ойрхон солино. Бээлийтэйгээ тусгаарласан хэсгээс гарахыг хориглоно. Бээлийтэй хэдий ч гарын ариун цэвэр бүрэн хангагдсан гэсэн үг биш болохыг анхаарах. 
4. Гарын вактер устгагч бодис: Эмнэлгийн, эмч ажилтнууд эмчилгээ хийх явцдаа гар ариутгагч бодисыг байнга ашиглана. Урьдчилсан үзлэг, тусгаарлах бүс болон хүнд өвчтөн хянах бүс тасагт хангалтаар нийлүүлэн хэрэглүүлнэ. 
5. Хамгаалалтын нүдний шил: Тусгаарлан ажиглах бүс(өрөө), тусгаарлах бүс болон хүнд өвчтөн хянах бүс зэрэгт амьсгалын замын шинжилгээний дээж авах, улаан хоолойд гуурс залгах, зүсэж задлах, амьсгалын аппарат залгах, цэрний дээж авах зэрэг цус, шингэн гарч болзошгүй үйл ажиллагааг гүйцэтгэх үед зүүж хэрэглэнэ. Хамгаалалтын нүдний шилээ тайлахгүйгээр тухайн бүсээс гарахыг хориглоно. Олон удаагийн хамгаалалтын нүдний шил хэрэглэж байгаа тохиолдолд нэг удаа хэрэглэсний дараагаар дахин ариутгал хийж хэрэглэнэ. Бусад бүсэд явагдах эмчилгээ, оношилгооны үйл ажиллагаанд зарчмын хувьд хамгаалалтын нүдний шил хэрэглэхгүй байж болно. 
6. Хамгаалалтын нүүрний хаалт: Оношилгоо, эмчилгээний явцад цус, шингэн цацран гарч болзошгүй үед хэрэглэнэ. Хэрэв тухайн нүүрний хаалт нь олон удаа ашиглах боломжтой бол ариутгал хийсний дараагаар дахин хэрэглэх бөгөөд нэг удаагийнх бол дахин хэрэглэхийг хориглоно. Хамгаалалтын нүдний шил болон нүүрний хаалтыг зэрэг хэрэглэх шаардлагагүй. Хамгаалалтын нүүрний хаалтыг тайлж орхилгүйгээр тухайн бүсээс гарахыг хориглоно. 
7. Тусгаарлах хувцас: Урьдчилан шалган оношлох, халуурлыг шалгах тусгай амбулаторт энгийн тусгаарлах хувцас, тусгаарлан ажиглах бүс(өрөө), тусгаарлах бүс болон хүнд өвчтөнг хянах бүсэд шингэн нэвтрэхгүй нэг удаагийн тусгаарлах хувцсыг өмсөж хэрэглэнэ. Бусад бүсэд коронавирусийн халдвартай өвчтөнтэй харилцах эсэхээс шалтгаалж хэрэглэнэ. Тусгаарлах хувцастай тухайн бүсээс гарч явахыг хориглоно. 
8. Хамгаалалтын хувцас: Тусгаарлан ажиглах бүс(өрөө), тусгаарлах бүс болон хүнд өвчтөнг хянах бүс зэрэгт хэрэглэнэ. Хамгаалалтын хувцсыг нэг удаа хэрэглэх бөгөөд дахин хэрэглэж болохгүй. Эмнэлгийн зориулалт бүхий амны хаалт болон хамгаалалтын хувцастай тухайн бүсээс гарахыг хориглоно. Бусад бүсэд явагдах эмчилгээ, оношилгооны үйл ажиллагаанд зарчмын хувьд хамгаалалтын хувцас хэрэглэхгүй байж болно. 
Холбогдох бусад хүмүүс (цэвэрлэгээ, хамгаалалтын ажилтан г.м) дээрх бүсэд нэвтрэхэд шаардлагын дагуу холбогдох хамгаалалтын хэрэгслийг зөв өмсөж зүүж, гарах үедээ тайлж зориулалтын хогийн саванд хаях шаардлагатай.