ШАНХАЙ ХОТ ЗӨВХӨН ПУДОН НИСЭХ БУУДАЛД ОЛОН УЛСЫН НИСЛЭГҮҮД ХҮРЭЭН АВНА
БНХАУ-ын Хил орчмын эрүүл мэнд, тусгаарлалтын тухай хууль, Иргэний агаарын тээврийн тухай хуулийн холбогдох заалтуудын дагуу Бээжин хотод ирэх олон улсын нислэгийг өөр нисэх буудлууд руу шилжүүлэн буулгаж, зорчигдыг шалган нэвтрүүлэх болоод байгаа билээ.
Ингэхдээ 3 дугаар сарын 23-ны өдрийн 00:00 цагаас эхлэн Тяньжин, Шижяжуан, Хөх хот, Шэньян, Далянь, Шанхай, Чиндао, Жэнжөү, Ши’ань, Жинань, Тайюань, Наньжин зэрэг 12 хотын нисэх буудалд хуваарилан буулгахаар болсон.
Шанхай хот агаарын тээврийн боомтоор дамжин гадны халдвар дотоодод тархахаас урьдчилан сэргийлэхээр хийгдэж буй ажлыг бүрэн хяналтанд авах зорилгоор 3-р сарын 25-ны 00:00 цагаас эхлэн Хунчяо нисэх онгоцны буудалд олон улсын нислэгүүд хүлээн авахыг зогсоож, Пудон нисэх буудал руу шилжүүлэхээр болсон байна. Өөрөөр хэлбэл ОУ-ын нислэгийг зөвхөн Пудун буудалд авна гэсэн үг юм.
Түүнчлэн урьдчилан сэргийлэх, хянах ажлын хүрээнд БНСУ, Филлиппин, Иран, Итали, Франц, Испани, ХБНГУ, АНУ, Их Британи, Швейцарь, Швед, Бельги, Дани, Австри, Нидерланд, Норвеги, Австрали, Малайз, Грек, Чех, Финланд, Катар, Канад, Саудын Араб зэрэг 24 улсыг өвчний голомтот улсын жагсаалтад оруулж, 3 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн эдгээр улсад сүүлийн 14 хоногт зорчсон түүхтэй дотоод, гадаадын иргэдийг гэр нь эсвэл нэгдсэн тусгаарлалтад оруулж эрүүл мэндийн ажиглалт хийхээр шийдвэрлэсэн байна.