ШАНХАЙ ХОТОД COVID-19 ВИРУСЫН БӨӨМИЙН ХҮЧЛИЙН ШИНЖИЛГЭЭГ САЙН ДУРААРАА ХИЙЛГЭХ БОЛОМЖТОЙ БОЛЖЭЭ
Ажил, сургуульдаа эргэн орж буй хүмүүсийн тоо өсөн нэмэгдсээр байгаа тул Шанхай хотын 50 эмнэлэгт албан байгууллага, хувь хүний хүсэлтээр Covid-19 халдварт вирусын бөөмийн хүчлийн шинжилгээг хийж эхэллээ. Хотын Эрүүл мэнд, эрүүл ахуйн хорооны мэдээллэснээр уг шинжилгээний хариуг 24 цагийн дотор авах боломжтой юм байна.
Бөөмийн хүчлийн шинжилгээний арга нь одоогийн байдлаар БНХАУ-д хэрэглэгдэж буй хамгийн түгээмэл арга юм. Уг арга нь шинжилгээ өгч буй хүний амны хөндийгөөс арчдас авч шинжилдэг болно.
Бээжин хотод зорчиж буй иргэд зочид буудалд буудаллахдаа энэхүү шинжилгээний хариугаа үзүүлэх шаардлагатайгаас гадна хичээл сургуульдаа эргэн орж буй хүмүүс эрүүл мэндийн паспорттой байх шаардлагатай ажээ.
2020 оны 4 дүгээр сарын 8-ны өдрөөс эхлэн Шанхай хотод үйл ажиллагаа явуулж буй албан байгууллагууд шаардлагатай гэж үзсэн тохиолдолд оршин суугаа газрынхаа холбогдох байгууллагаар дамжуулан хүсэлт гаргаж, өөрийн ажилчдад бөөмийн хүчлийн шинжилгээ хийлгэж эхэлсэн байна.
Уг инжилгээний төлбөр нэг хүний 240 юань бөгөөд албан байгууллага хүсэлт гаргасан тохиолдолд 100 юань байх ажээ.
Одоогийн байдлаар шинжилгээнд зөвхөн БНХАУ-ын иргэд өөрийн хүсэлтээр хамрагдах боломжтой.
Эсрэг биетийн шинжилгээг ирэх долоо хоногоос Шанхай хотын хэд хэдэн эмнэлэгт хийхээр бэлтгэж байгаа ба шинжилгээний хариу 30 минутын дотор гарах боломжтой юм байна.