БНХАУ-Д СУРАЛЦАЖ БУЙ ОЮУТАН СУРАГЧДЫН АНХААРАЛД
Нийт оюутан, сурагч Та бүхэндээ хичээлийн шинэ жилийн мэндийг дэвшүүлье.
Дэлхий дахинд тархаад буй “Ковид-19” цар тахлын улмаас БНХАУ-ын их, дээд сургуулиудын 2020-2021 оны хичээлийн шинэ жил харилцан адилгүй эхэлж байна.
Цар тахлын онцгой нөхцөл байдлаас шалтгаалан хичээлийн жилийн эхний улиралд дийлэнх их, дээд сургуулиуд хилийн чанадад буй гадаад, дотоодын оюутнуудад зориулж цахим хичээлийг үргэлжлүүлж, “танхимаар болон цахимаар” гэсэн хоёр арга хэлбэрийг ашиглахаар зохицуулалт хийж байна.
Хэрэв Таны суралцдаг сургууль заавал биечлэн ирж, танхимаар хичээллэхийг шаардаж байгаа бол сургуулийн зүгээс өгсөн албан ёсны мэдэгдэл болон холбогдох бичиг баримтыг бүрдүүлж, УОК-т хилээр гарах хүсэлтээ гаргана уу.
БНХАУ-ын хилээр нэвтрэх гадаадын иргэд тус улсын “Ковид-19”-ын үед мөрдөгдөж буй халдвар хамгааллын журмыг баримталж, хилээр нэвтрэхдээ нуклейн хүчлийн шинжилгээ хийлгэх ба “14+7” тусгаарлалтын хугацаа өндөрлөсний дараа давтан шинжилгээ өгч, эрүүл мэндийн ногоон кодоо идэвхжүүлж дотооддоо зорчих эрхтэй болно. Сургуулийн бүсэд тухайн сургуулийн халдвар хамгааллын журам давхар мөрдөгдөхийг анхаарна уу.
Шанхай хотод суугаа Ерөнхий консулын газар.