ЗАЙЛШГҮЙ ШААРДЛАГАТАЙ ГАДААДЫН ИРГЭДЭД БОГИНО ХУГАЦААНЫ ВИЗ ОЛГОНО
Улсын онцгой комиссын зүгээс Ковид-19 цар тахалтай холбоотойгоор нийгэм, эдийн засагт үзүүлж буй сөрөг нөлөөллийг бууруулах, төрийн болон төрийн бус байгууллага, төсөл хөтөлбөр, аж ахуйн нэгж, байгууллагуудын үйл ажиллагааг дэмжих, хэвийн горимд шилжүүлж, санхүү, эдийн засаг, бизнесийн орчныг сэргээхэд дэмжлэг үзүүлэх хүрээнд Монгол Улсад албан ажлаар богино хугацаагаар ирэх зайлшгүй шаардлагатай гадаадын иргэдэд албан болон бизнес ангиллын визийг 2020 оны 10 дугаар сарын 8-ны өдрөөс эхлэн олгохоор шийдвэрлэлээ.
Энэхүү шийдвэрийг дараах нөхцөлтэйгээр хэрэгжүүлнэ:
- Гадаадын иргэдийг тусгаарлах зориулалтаар ашиглаж буй зочид буудалд 21 хоног тусгаарлаж, холбогдох зардлыг тухайн байгууллага, аж ахуйн нэгж, иргэнээс гаргуулах,
- Бизнес /В/ ангиллын 30 хоног байх хугацаатай визээр ирсэн гадаад иргэний визийг Гадаадын иргэн харьяатын газар 30 хүртэл хоногоор 1 удаа, Дипломат /D/, албан /А/ ангиллын 30 хоног байх хугацаатай визийг ГХЯ-ны Консулын газар 30 хүртэл хоногоор 1 удаа сунгах буюу тухайн иргэн Монгол Улсад дээд тал нь 60 хүртэл хоног байх боломжтой,
- Нислэгт хамрагдахаас өмнө Ковид-19 PCR шинжилгээ өгч, хариу нь сөрөг гарсан байх, зэрэг болно.
Дээрх ангиллын виз олгох зөвшөөрлийг уригч байгууллага, аж ахуйн нэгжүүд Монгол Улсын виз олгох журмын дагуу ГХЯ-ны Консулын газарт хандан гаргах юм.
Ковид-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу хилийн бүх боомтын зорчигч тээврийн хөдөлгөөнийг зогсоосонтой холбоотойгоор хилийн чанад дахь Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газрууд гадаадын иргэдэд бүх төрлийн богино хугацааны виз олгох үйл ажиллагааг 2020 оны 1 дүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн зогсоогоод байсан болно.
Мэдээллийн эх сурвалж: http://consul.mn/index.php?moduls=19&id=389
Шанхай хотод суугаа Ерөнхий консулын газар.