images

МОНГОЛ УЛСААС БНХАУ-Д СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД Т.БАДРАЛ БНХАУ-ЫН ГАДААД ХЭРГИЙН ЯАМАНД ИТГЭМЖЛЭХ ЖУУХ БИЧГИЙНХЭЭ ХУВИЙГ ГАРДУУЛАВ

Ерөнхий консулын газрын мэдээ

2020-10-19

233

Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Бадрал 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр БНХАУ-ын Гадаад хэргийн яамны Ёслолын газрын захирал Хун Лэй-тэй уулзаж, Итгэмжлэх жуух бичгийнхээ хувийг гардуулав. 

Уулзалтын үеэр Элчин сайд Т.Бадрал Монгол, Хятад хоёр улс нь уул, усаар холбогдсон найрсаг харилцаатай мөнхийн хөршүүд бөгөөд өнгөрсөн 71 жилийн хугацаанд бие биеийн тусгаар тогтнол, бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, тус тусын сонгосон хөгжлийн замыг харилцан хүндэтгэх зарчмын дагуу хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа амжилттай хөгжиж ирснийг онцлон тэмдэглэв. 

Түүнчлэн Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдаар томилогдсон нь өндөр нэр хүнд, чухал хариуцлага хэмээн үзэж буйг тэмдэглэж, Монгол Улс, БНХАУ-ын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг шинэ шатанд гаргаж, улс төр, батлан хамгаалах, худалдаа, эдийн засаг, соёл, боловсрол, эрүүл мэнд зэрэг бүхий л салбарын хамтын ажиллагааг урагшлуулахын төлөө ажиллахаа илэрхийлэв. 

БНХАУ-ын ГХЯ-ны Ёслолын газрын захирал Хун Лэй, Элчин сайд Т.Бадралд Элчин сайдын хүндтэй албан тушаалд томилогдсонд баяр хүргэж, Элчин сайд болон ЭСЯ-ны цаашдын үйл ажиллагаанд шаардлагатай дэмжлэгийг үзүүлж, хоёр улсын харилцааг хөгжүүлэхийн төлөө идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлэв. 

Элчин сайд Т.Бадрал ойрын үед БНХАУ-ын дарга Ши Жиньпинд Итгэмжлэх жуух бичгээ барих бэлтгэлийг хангаж байна. 

Эх сурвалж: http://beijing.embassy.mn/index.php?moduls=101&id=442 

Шанхай хотод суугаа Ерөнхий консулын газар.