“ОЛОН УЛСЫН АХ ДҮҮ ХОТУУДЫН III ЧУУЛГАН”-Д ОРОЛЦОВ
Монгол Улсаас БНХАУ-ын Шанхай хотод суугаа Ерөнхий консулын үүрэг гүйцэтгэгч Л.Эрдэнэбаатар 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр БНХАУ-ын Жөжян мужийн Шаошин хотод зохион байгуулагдсан Олон улсын ах дүү хотуудын III чуулганд оролцов.
Энэ удаагийн арга хэмжээ нь "Харилцан ашигтай хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, хөгжлийн боломжоо хуваалцах" гэсэн уриан дор зохион байгуулагдсан бөгөөд чуулга уулзалтад БНХАУ-д суугаа ДТГ-ууд, бизнесийн байгууллагын төлөөлөгчид, Шаошин хотын Намын төв хороо, Жөжян мужийн Найрамдлын нийгэмлэгийн төлөөлөгчид зэрэг 130 гаруй төлөөлөгчид уригдсанаас гадна 14 орны 20 найрамдалт харилцаатай хотын Засгийн газрын төлөөлөгчид цахим хэлбэрээр чуулганд оролцлоо.
Шаошин хот нь БНХАУ-ын зүүн өмнөд хэсэгт байрладаг бөгөөд 1983 онд үндэсний хэмжээнд анхны олон улсын ах дүүсийн хот болох гэрээг үзэглэж байсан аж. Одоогийн байдлаар тус хот нь дэлхийн таван тив, 27 орны 53 хоттой ах дүү, найрамдалт харилцааны гэрээ байгуулсан бөгөөд 34 хоттой найрсаг харилцааны санамж бичигт гарын үсэг зурж, хамтран ажиллаж байна.
Хотуудын хооронд найрамдалт харилцаа тогтоож, хамтын ажиллагааг өргөжүүлэх нь улс орны эдийн засаг, худалдаа, боловсрол, соёл, шинжлэх ухаан, технологи, эрүүл мэнд болон ялангуяа хүмүүнлэгийн салбарт нэн чухал болохыг цар тахал дэгдээд байгаа хүнд цаг үе илүү тод харуулж байна.
Тиймээс Шанхай хотод суугаа ЕКГ-ын зүгээс ах дүү, найрамдалт хотын хамтын ажиллагааг эхлүүлэх санал тавьсаныг Шаошин хотын удирдлагууд халуун дотноор хүлээн авав.
Шанхай хотод суугаа Ерөнхий консулын газар