images

МОНГОЛ УЛСААС БНХАУ-Д СУУГАА ЭЛЧИН САЙДЫН НЭРЭМЖИТ ШИЛДЭГ ОЮУТНУУД ШАЛГАРЛАА

Ерөнхий консулын газрын мэдээ

2020-12-26

118

Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Бадралын нэрэмжит шилдэг оюутан шалгаруулах комисс 12 сарын 23-ны өдөр 2 үе шаттайгаар хуралдаж, шийдвэр гаргав. Энэ жил нийт 11 оюутан шалгаруулалтад нэрээ дэвшүүлснээс 10 оюутан ЭСЯ-наас тавьсан шаардлагын дагуу холбогдох материалыг бүрэн бүрдүүлж, “Цар тахлын дараах үеийн Монгол, Хятадын харилцаа, хамтын ажиллагаа” сэдвээр эссэ бичиж ирүүлсэн байв. 

Шалгаруулалтад оролцсон нийт оюутнуудын дүнгийн голч, нийгмийн идэвх зүтгэл, судалгаа, шинжилгээний ажил болон урлаг, спортын амжилтыг харгалзан үзэж ТЭРГҮҮН БАЙРТ Хойд Хятадын эрчим хүчний их сургуулийн магистрын 2 дугаар курсийн оюутан Ө.Одбаяр, ДЭД БАЙРТ Шанхай хотын Улс төр, хуулийн их сургуулийн 4 дүгээр курсийн оюутан Ү.Мөнxцэцэг, ГУРАВДУГААР БАЙРТ Бээжингийн хэл соёлын их сургуулийн Олон улсын хятад хэл судлалын 4 дүгээр курсийн оюутан Э.Мөнгөн-Уянга нарыг шалгарчээ. 

Шалгаруултад идэвхтэй оролцсон оюутнуудад талархал илэрхийлж сурлагын өндөр амжилт хүсэхийн зэрэгцээ оюутан залуусдаа ирэх оны шалгаруулалтад идэвхитэй оролцохыг уриалж байна. 

Шанхай хотод суугаа Ерөнхий консулын газар