ШАНХАЙ ХОТОД ОРШИН СУУГАА ГАДААД ИРГЭДИЙГ ВАКЦИНЖУУЛАЛТАД ХАМРУУЛАХ АЖЛЫГ ЭХЛҮҮЛЛЭЭ
Төрийн зөвлөлийн урьдчилан сэргийлэх, хянах хамтарсан ажлын механизмын дагуу Шанхай хот нь тус хотод оршин суух гадаад иргэдийн дунд Ковид-19 вирусийн вакцинжуулалтад хамруулах ажлыг эхлүүлэхээр болжээ.
2021 оны 3 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн “сайн дурын үндсэн дээр, өөрөө төлбөрөө төлөн, эрсдэлийг өөрөө хариуцах” зарчмын дагуу зохих насны хүмүүст зориулан БНХАУ-д үйлдвэрлэсэн вакцинд хамруулна.
Вакцинжуулалтад хамрагдах хүсэлтэй иргэд “Health Cloud” APP-ээр дамжуулан цаг авах боломжтой. Одоо байгаа зохицуулалтын дагуу вакцинжуулалтад хамрагдаж буй хүн уг вакциныг 2 тунгаар хийлгэх шаардлагатай юм. Эрүүл мэндийн даатгалд хамрагдсан гадаадын иргэд бусад хятад иргэдийн адил хөнгөлөлт эдлэх эрхтэй. Эрүүл мэндийн даатгалд хамрагдаагүй гадаадын иргэд вакциныг өөрийн зардлаар хийлгэх бөгөөд өртөг нь 1 тун 100 юань байх юм.
3 дугаар сарын 29-ны өдрөөс эхлэн “Health Cloud” APP-ээр дамжуулан хувийн мэдээллээ бүртгүүлэн вакцин хийлгэх өдөр, байршлыг сонгоно. Вакцинжуулалтад хамрагдах үедээ хүчин төгөлдөр бүхий визтэй гадаад паспорт болон оршин суух үнэмлэхийг авчрах хэрэгтэй. Вакцинжуулалтад хамрагдаж буй хүн вакцин хийлгэхээс өмнө өөрийн биеийн байдлыг сайн дураар үнэн зөвөөр мэдээлэх мөн журмын дагуу тухайн вакцинжуулалт хийгдэж буй талбар дээр батламж бичиг болон зөвшөөрлийн бичигт гарын үсэг зурна. Мөн эмнэлгээс гаргасан асуумжийг бөглөх бөгөөд уг асуумжид үндэслэн вакцинжуулалтын нөхцөлийг хангаж байгаа эсэхийг эмч тодорхойлно. Вакцинжуулалтад хамрагдсаны дараа 14 хоногийн дотор өөрийн биеийн байдлыг сайтар ажиглах хэрэгтэй бөгөөд ямар нэгэн хариу урвал илэрсэн тохиолдолд даруй эмнэлгийн байгууллагад хандах хэрэгтэй.
Дэлгэрэнгүй мэдээллийг Шанхай хотын Ардын засгийн газрын албан ёсны вичат хуудас https://mp.weixin.qq.com/s/Ut6yHuk4AgKLzB21l7GsXg -аас авна уу.
Шанхай хотод суугаа Ерөнхий консулын газар