ЕРӨНХИЙ КОНСУЛЫН ГАЗРААС ШАНХАЙ ХОТЫН ЖЯОТУН ИХ СУРГУУЛИЙН ХАРЬЯА РЭНЬЖИ ЭМНЭЛЭГИЙН АЛБАНЫХАНТАЙ УУЛЗАЛТ ХИЙВ
Шанхай хотын Жяотун их сургуулийн харьяа Рэньжи эмнэлэгтэй хамтран ажиллах санаачлагын хүрээнд ЕКГ-ын төлөөлөл тус эмнэлгийн Гадаад харилцааны албаны ажилтан Жу Мэйжюань, Хүүхдийн элэгний мэс заслын тасгийн эрхлэгч эмч Шюэ Фөн, Мэдрэлийн мэс заслын тасгийн зөвлөх эмч Гө Жяньвэй, Элэгний мэс заслын тасгийн эмч Чю Бижюнь нартай 2021 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн уулзав. Уулзалтаар Шанхай хотын Жяотун их сургуулийн харьяа Рэньжи эмнэлэгтэй харилцаа тогтоох, хамтын ажиллагааг эхлүүлэх боломж нөхцөлийн талаар санал солилцов.
Рэньжи эмнэлэг анх 1844 онд байгуулагдсан, 170 гаруй жилийн түүхтэй Шанхай хотын анхны ба БНХАУ-ын хоёр дахь Европ анагаах ухааны эмнэлэг юм. 2005 онд Жяотун их сургууль нь Шанхайн Анагаах ухааны хоёрдугаар сургуультай нэгдсэнээр Жяотун их сургуулийн харьяа Рэньжи эмнэлэг нэртэй болжээ. Тус эмнэлэг Шанхай хотын хорт хавдрын судалгааны хүрээлэн болон эмчилгээ, заах арга зүй, шинжлэх ухааны судалгааг нэгтгэсэн, бүрэн мэргэжлийн салбар бүхий гурав дахь шатны цогц эмнэлэг юм. Рэньжи эмнэлгийн амбулаторийн үзлэг, мэс заслын тоо жил бүр нэмэгдэж байгаа бөгөөд үзлэгийн тоогоор Шанхай хотод тэргүүлж байна.
Рэньжи эмнэлэг нь Шинжлэх ухаан, технологийн дэвшлийн үндэсний шагнал, Хятадын анагаахын шинжлэх ухаан, технологийн шагнал, коллеж, их сургуулийн шинжлэх ухаан, технологийн дэвшлийн шагнал зэрэг олон шагнал хүртсэн, 4390 үндсэн ажилтантай томоохон хамт олон ажээ. Одоогийн байдлаар Канад, Их Британи, АНУ, Франц, Бельги, Герман, Швейцар, Норвеги, Австрали, Малайз зэрэг арав гаруй орны 20 гаруй анагаахын сургуулиудтай эрдмийн солилцоо, найрсаг хамтын ажиллагааны харилцааг тогтоогоод байгаа юм байна.
Шанхай хотод суугаа Ерөнхий консулын газар