images

СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРООНЫ СОНГОГЧИЙН БОЛОВСРОЛ, СУРГАЛТЫН ТӨВИЙН ДАРГА Б.ОЮУМАА: ГАДААДАД БАЙГАА 7400 ОРЧИМ СОНГОГЧИД ЭНЭ УДААГИЙН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХӨӨР БҮРТГҮҮЛСЭН

Ерөнхий консулын газрын мэдээ

2021-05-20

210

Монгол Улсын ерөнхийлөгчийн сонгох ээлжит сонгууль зургадугаар сарын 09-ний өдөр зохион байгуулагдана. Иймд Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн өөрчлөлт, гадаадад ажиллаж амьдарч байгаа монгол иргэдийн саналыг хэрхэн авах, зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооны Сонгогчийн боловсрол сургалтын төвийн дарга Б.Оюумаатай ярилцлаа. 

-Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажил ямар түвшинд явж байна? 

-Сонгуулийн өмнөх бэлтгэл ажил хангах, эрх зүйн орчин бүрдүүлэх, санал тоолох төхөөрөмжийн бэлэн байдлыг хангах, нэр дэвшигчдийн баримт бичгийг хүлээж авах ажлууд дууссан. Тавдугаар сарын 24-ний өдөр нэр дэвшигчдийн үнэмлэх гардуулна. Үнэмлэх гардуулсан өдрөөс эхлэн сонгуулийн сурталчилгаа эхэлнэ гэж хуулинд заасан. Сонгуулийн сурталчилгаа эхлэхтэй зэрэгцээд Үндэсний аудитын газрын сайт болон Сонгуулийн ерөнхий хорооны албан ёсны сайт дээр нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөр дүгнэлттэй нийтэд ил тавигдана. Мөн шинээр орж ирсэн хуулийн заалтын дагуу Авилгатай тэмцэх газрын сайт дээр нэр дэвшигчдийн хөрөнгө оруулгын мэдүүлгийн нийтэд ил болгох хэсгийг байршуулна. Нэр дэвшигчид сонгуулийн сурталчилгаагаа хуулинд заасан найман арга хэлбэрээр явуулна. Тус арга хэлбэрт хэдэн ухуулагч, шадар туслах, штаб нь хэдэн хүний бүрэлдэхүүнтэй байх зэргийг нарийн зааж өгсөн. Энэ нь энэ удаагийн ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн нэг онцлог. Ерөнхийдөө энэ удаагийн ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажил дуусах дөхөж байна. Одоогийн байдлаар Сонгуулийн ерөнхий хороо хэсгийн хороодын сургалт, арга зүйн зөвлөгөө өгөх ажлаа цахимаар зохион байгуулж байгаа. Түүнчлэн санал авах байраа бэлтгэх тохижуулах ажлууд хийгдээд явж байна. Тиймээс тун удахгүй сонгогчийн санал авах ажиллагаа зохион байгуулахад бэлэн болно. 

-Гадаадад ажиллаж амьдарч байгаа монгол иргэд хэрхэн саналаа өгөх вэ? Бүртгэл дууссан уу? 

-Дэлхийн 30 оронд байрладаг 45 дипломат төлөөлөгчийн газарт санал өгөх сонгогчид маань бүртгэлээ хийлгээд дууссан байна. Нийтдээ 7400 орчим сонгогчид энэ удаагийн ерөнхийлөгчийн сонгуульд санал өгөхөөр бүртгүүлжээ. Тавдугаар сарын 30,31-ний өдрүүдэд гадаадад байгаа сонгогчид маань дипломат төлөөлөгчийн газартаа биечлэн очиж саналаа өгнө. Тодруулбал, одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй сонгуулийн хуулиараа сонгогч санал авах байран дээр биечлэн очиж санал өгнө гэсэн зохицуулалттай. Тиймээс энэ удаагийн сонгуульд сонгогчид бүгд санал авах байранд өөрийн биеэр заавал очиж санал өгнө. 

-Манай улсын олон иргэд гадаадад ажиллаж амьдардаг. Аль улсад хамгийн олон сонгогч байдаг вэ? 

-Монгол иргэд хамгийн олноор оршин суудаг БНХАУ, БНСУ, Герман зэрэг улсуудад сонгууль өгөхөөр бүртгүүлсэн сонгогчид олон байна. Зарим улсад 10 хүрэхгүй сонгогчтой. Хэдэн хүн тухайн улсад амьдарч байгаа вэ гэдгээс хамаарч харилцан адилгүй. 

Гадаад улсад амьдарч байгаа сонгогчдоос энэ сарын 30,31-ний өдөр өгсөн саналын хуудсыг 31-ний оройн тухайн улсын цагаар 22.00 цагаас хойш салбар комисс зориулалтын битүүмжлэх хуудсанд битүүмжлээд төв комиссоор дамжуулан Сонгуулийн ерөнхий хороонд хүлээлгэж өгдөг. Сонгуулийн ерөнхий хороо хүлээн авч хадгална. Ингээд Монгол Улсад Ерөнхийлөгчийн санал авах ажиллагаа дууссаны дараа буюу зургадугаар сарын 09-ний 22.00 цагаас хойш тоолж, дүнг нь гаргадаг. 

-Ерөнхийлөгчийн нэр дэвшигчтэй холбоотой маргаантай асуудлууд гараад байгаа. Энэ асуудалд Сонгуулийн ерөнхий хорооноос тайлбар, мэдэгдэл гаргах уу? 

-Сонгуулийн ерөнхий хорооноос шийдвэрээ гаргаад, тухайн үед нь тайлбараа өгсөн. Сонгуулийн ерөнхий хороо хуулийг тайлбарладаг, баталдаг байгууллага биш. Хуулийг хэрэгжүүлдэг байгууллага. Хуулийг л баримталж ажилладаг. 

-Манай улсын хэмжээнд хэдэн сонгуулийн насны иргэд байна вэ? 

-Дөрөвдүгээр сарын сүүлийн мэдээгээр 2 сая 100 мянган сонгогч сонгуульд оролцох бүртгэлтэй байна гэсэн мэдээлэл ирсэн. Сонгогчдын нэрийн жагсаалтыг үйлдэх нягтлан шалгах, давхардлыг арилгах, иргэдийн гомдлыг шийдвэрлэх асуудлуудыг Улсын бүртгэлийн ерөнхий газар хариуцаж хийдэг. Сонгогчдын бүртгэлтэй холбоотой программ хангамжин дээр сонгуулийн ерөнхий хороо, цагдаа зэрэг олон байгууллагын хамтарсан ажлын хэсэг дүгнэлт гаргаж зөвшөөрөл олгодог. Энэ нягтлан шалгах ажилд ажиглагчдыг байлцуулдаг. Төрийн бус байгууллага болон нэр дэвшигчдийн томилсон намын ажиглагчдыг байлцуулж, санал тоолох төхөөрөмжийг баталгаажуулах ажлыг хийж байна. Намуудын ажиглагчид ирээд эх кодтой танилцаж ажиглалтаа хийгээд явсан. 

-Манай улс цар тахлын онцгой нөхцөлд ерөнхийлөгчийн сонгуулиа зохион байгуулах гэж байна. Халдвар хамгааллын дэглэмийг баримтлуулах асуудлыг хэрхэн зохицуулах вэ? 

-Монгол улсад байгаагүй онцгой нөхцөлд сонгуулиа зохион байгуулах гэж байна. Цар тахлын нөхцөл байдалд маш олон орны сонгууль зохион байгуулагдсан. Зарим улс сонгуулиа хойшлуулж байна. Гэхдээ ардчиллыг гол чиг баримжаагаа болгодог улсууд сонгуулиа товлосон хугацаанд нь зохион байгуулсан. Бидэнд тодорхой хэмжээний туршлага байна. 2020 оны УИХ болон орон нутгийн сонгуулиар тодорхой хэмжээнд туршлага хуримтлуулсан. Сонгогчид маань өнгөрсөн сонгуулиар саналаа өгч байсан шиг ээ халдвар хамгааллын дэглэмээ баримталж саналаа өгнө. Мэргэжлийн байгууллагуудаас боломжтой нөхцөлийг бүрдүүлэх, сонгогчдын саналыг нууцлалын хадгалах бүхий л төрлийн арга хэмжээг авч байгаа. Тиймээс сонгогч өөрөө өөрийнхөө албан ёсны эх сурвалжаас олж авсан мэдээлэлд түшиглэн үнэлэлт, дүгнэлтээ хийгээд сонголтоо хийгээрэй. 

Өнгөрсөн 2020 оны сонгуулиас эхлэн залуучуудын санал санаачилгаар сонгогчдыг сонгуульд идэвхтэй оролцохыг уриалсан маш олон төрлийн төсөл хөтөлбөр, аян зохион байгуулагдаж байна. Энэ удаагийн ерөнхийлөгчийн сонгуулиар ч гэсэн зохион байгуулна. Сонгуулийн ерөнхий хороо сонгуульд бүх насны иргэдийг тэгш хүртээмжтэй оролцуулахад анхаарал хандуулж байна. Төрийн бус байгууллага, залуучуудын байгууллагатай хамтарч ажиллаж байгаа. Мөн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах чиглэлээр хамтарч ажиллаж байна. Мэдээллийн хүртээмж, санал авах байрны хүртээмжинд заавар зөвлөгөө сургалтыг зохион байгуулаад явж байна. Тиймээс Монгол улсын иргэд үндсэн хуулиар олгогдсон сонгох эрхээ эдлэхэд ямар нэгэн ялгавар зааг байх ёсгүй. Хэн боловч саналаа өгнө. 

Сонгогч сонголтоо хийснийхээ дараа сонгосон төлөөлөгчөөсөө хариуцлага нэхдэг байх ёстой. Харин сонгуульдаа оролцоогүй хэрнээ хэн нэгнээс хариуцлага нэхээд суух нь утгагүй. Тиймээс өөрсдийн ирээдүйгээ ямар байлгахыг хүсэж байна. Түүнийхээ төлөө сонголтоо хийх ёстой. Тиймээс албан ёсны эх сурвалжаас мэдээллээ аваад сонгуульдаа идэвхтэй оролцоорой гэж хэлье. 

Энэ жилийн нөхцөл байдлаас шалтгаалаад сонгуулийн хороодын ажилтнуудын сургалт, сурталчилгааны арга хэмжээнүүдийг цахимаар зохион байгуулж байна. Сонгогчдодоо цаг үеийн мэдээ мэдээлэл хүргэх талаас нь анхаарч ажиллаж байгаа. Энэ жил Сонгуулийн ерөнхий хорооноос сонгогчийн боловсролыг дээшлүүлэх чиглэлээр хэд хэдэн арга хэмжээг хэрэгжүүлж авч эхэлж байна. Түүний нэг нь сонгогчийн боловсрол сургалтын төвтэй болсон. Уг төвөөс сонгогчийн ном гаргасан. Тухайн номон дээр бүхий л мэдээ мэдээллийг хүргэх эхлэлийг тавьсан. Үүний дагуу тухайн номоо хэд хэдэн хувилбараар гаргаж байна. 

Сонгогч санал өгөхөөсөө өмнө юуг анхаарах ёстой вэ? 

-Улсын бүртгэлийн ерөнхий газрын цахим хуудас руу хандаж, сонгогчийн нэрийн жагсаалтад бүртгэлтэй эсэхээ шалгах хэрэгтэй. Нэрийн жагсаалтад үнэн зөв бүртгэгдсэний үндсэн дээр тухайн сонгогчийн сонгох эрх баталгаажна. Мөн хуулинд орсон нэг шинэ зохицуулалт нь сонгогч өөрийн мэдээлэлтэй танилцахаас гадна өөрийн байнга оршин суугаа бүртгэлтэй хаягт байгаа нийт сонгуулийн насны иргэдийн мэдээллийг харах боломжтой. Цааш цаашдаа илүү боловсронгуй болно. 

Мэдээллийн эх сурвалж: http://www.shuud.mn/a/530071 
 

Шанхай хотод суугаа Ерөнхий консулын газар