ЕРӨНХИЙ КОНСУЛ Ё.НЯМЖАВ ШАНХАЙ ХОТЫН ЖАОТУН ИХ СУРГУУЛИЙН ХАРЪЯА РЭНЬЖИ ЭМНЭЛГИЙН ДАРГА ШЯ ЧЯНТАЙ УУЛЗАВ
Монгол Улсаас Шанхай хотод суугаа Ерөнхий консул Ё.Нямжавыг 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдөр Шанхай хотын Жаотун их сургуулийн харъяа Рэньжи эмнэлгийн дарга Шя Чян хүлээн авч уулзав. Уулзалтад Рэньжи эмнэлгийн Гадаад харилцааны албаны дарга Жуан Же, Элэгний мэс заслын тасгийн эмч Шюэ Фөн, Мэдрэлийн мэс заслын тасгийн зөвлөх эмч Гө Жяньвэй нар оролцов.
Уулзалтын үеэр Ерөнхий консул Ё.Нямжав Рэньжи эмнэлэгтэй гурван чиглэлээр хамтран ажиллах санал тавьж, санамж бичиг байгуулахаар тохиролцов. Үүнд:
Нэг. Салбар хоорондын солилцоог дэмжих чиглэлээр Монгол улсын томоохон эмнэлгүүдийг тус эмнэлэгтэй холбож өгөх, харилцааг дэмжих
Хоёр. Эмч, оюутан, сурагчдыг солилцох, харилцан дадлагажуулах чиглэлээр оюутнуудыг солилцох, дадлага хийлгэх, эмч нарыг солилцон ажиллуулах, мэргэшүүлэх
Гурав. Монголоос эмчлүүлэхээр ирж буй иргэдийг хүлээн авах, хэвтэн эмчлүүлэхэд зохих дэмжлэг, хөнгөлөлт үзүүлэх зэрэг болно.
Рэньжи эмнэлгийн зүгээс хоёр талын хамтын ажиллагааг дэмжиж, хамтран ажиллахаа илэрхийллээ.
ШАНХАЙ ХОТОД СУУГАА ЕРӨНХИЙ КОНСУЛЫН ГАЗАР