ЖДҮ-Г ДЭМЖИХ ЦАХИМ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Монгол Улсаас БНХАУ Шанхай хотод суугаа Ерөнхий консулын газар өнөөдөр буюу 2021 оны 09 дүгээр сарын 14-ны өдөр Жижиг дунд үйлдвэрийн газар /ЖДҮГ/ болон БНХАУ-ын OPВChina цахим худалдааны платформын хамтын ажиллагааг эхлүүлэх цахим уулзалтыг амжилттай зохион байгууллаа.
Ерөнхий консул Ё.Нямжав цахим хурлыг эхлүүлж хэлсэн үгэндээ OPВChina цахим худалдааны платформын гурван онцлогуудыг дурдсан нь OPВChina олон улсын болон Хятадын томоохон бизнес эрхлэгчидтэй хамтран ажилладаг бөгөөд үүгээр дамжуулж Монголын ЖДҮ, бизнес эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг тус платформд байршуулан Хятадын зах зээлд гаргах боломжтой.
Мөн Монгол, Хятад 2 талын бизнес эрхлэгчдийн хооронд B2B, B2C уулзалт зохион байгуулах маш өндөр туршлагатай байгууллага юм.
Үүгээр ч зогсохгүй OPВChina нь Хятадын томоохон цахим худалдааны дэлгүүрүүд болох Taobao, JD, Alibaba хамтран ажилладаг бөгөөд Монголын бараа бүтээгдэхүүнийг эдгээр платформууд дээр давхар байршуулж, борлуулах боломжтойгоороо онцлог хэмээн дурдаж төлөвлөсөн зүйлсээ ажил хэрэг болгох тал 3 тал хамтрах хэрэгтэй гэв.
Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан өөрсдийн үйл ажиллагаа, гадаад харилцааны хөгжлийн талаар танилцуулж, Монголын ЖДҮ, бизнес эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд, нэн ялангуяа Хятадын зах зээлд гаргахад хамтарч ажиллах болно гэдгээ илэрхийллээ.
OPBChina нь одоогоор олон орны Хятадад суугаа элчин сайдын яам, Гуанжөү дахь консулын газруудтай холбоотой ба 14000 орчим брэндтэй хамтын ажиллагааны харилцаатай. Мөн цахим худалдааны томоохон платформ болон дистрибьюторуудтай урт хугацааны, тогтвортой хамтарч 50,000 гаруй дистрибьюторын сүлжээ болон 200,000 оффлайн дэлгүүрийн сүлжээтэй хамтарч ажилладаг.
OPBChina нь гадаад брэндүүдэд өрсөлдөх чадварын судалгаа хийж, өрсөлдөх чадварын индексийг тогтоох, борлуулалтын сувгуудаар дамжуулан үр дүнд чиглэсэн үйл ажиллагааг цахим хэлбэрээр хэрэгжүүлдэг байгууллага юм.
Уулзалтаар ЕКГ, ОРВChina болон ЖДҮГ-ууд ажлын хэсэг байгуулж, Монголын ЖДҮ, бизнес эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг Хятадын зах зээлд гаргах төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлэхээр тогтлоо.
ШАНХАЙ ХОТОД СУУГАА ЕРӨНХИЙ КОНСУЛЫН ГАЗАР