images

ШАНХАЙ ХОТОД МОНГОЛЫН ИМПОРТЫН БАРААНЫ ПАВИЛЬОН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

Ерөнхий консулын газрын мэдээ

2021-11-01

104

Шанхай хотын Хунчяо бизнесийн бүс дэх Грийнланд дэлхийн импортын бараа, бүтээгдэхүүний худалдааны төв (Greenland Global commodity trading hub)- д энэ 11 дүгээр сарын 1-ны өдөр Монголын импортын барааны павильон нээлтээ хийлээ.

Энэхүү Монголын импортын барааны шинэ павильон нь ноолууран бүтээгдэхүүн, хивс, цай, ундаа, архи, шар айраг зэрэг бүтээгдэхүүний дээжийг танилцуулсан бөгөөд цаашид бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг нэмэгдүүлэхээр ажиллаж буйгаа тус павильоныг хариуцан гаргаж буй “Шанхай Шинэ Трэйд” ХХК-ийн захирал Батмөнхийн Золцэнгэл хэлж байлаа. ,

Тус төвд импортын барааны павильон нээсэн нь Монгол улсын импортын бүтээгдэхүүн Грийнланд худалдааны төвийн платформоор дамжин Хятадын зах зээлд нэвтрэх үүд, хаалга нээгдэж буй төдийгүй Монголын бараа, бүтээгдэхүүнээр дамжуулан үндэсний онцлог, соёлыг суртачилах өндөр ач холбогдолтой үйл явдал боллоо.

Уг павильоны нээлтийн ёслолд Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ-ны Элчин зөвлөх бөгөөд дэд сайд Л.Мөнхтүшиг, Монгол улсаас Шанхай хотод суугаа Ерөнхий консулын газрын дэд консул Л.Эрдэнэбаатар, “Шанхай Шинэ Трэйд” ХХК-ийн захирал Батмөнхийн Золцэнгэл, Хятадын талаас Грийнланд төвийн үйл ажиллагаа эрхэлсэн захирал Юй Гуовэй болон бусад хүндэт зочид оролцов.

Грийнланд групп нь үл хөдлөх хөрөнгийн салбарт Шанхай хотдоо 2 дугаарт ордог томоохон ААН бөгөөд Үндэсний үзэсгэлэнгийн танхимын урд хэсгийн талбайд өөрийн цогц байгууламжийг барьж байгуулсан байна. Энэхүү цогц төвд оффисын барилгууд, тансаг зэрэглэлийн орон сууцны хотхон, 5 одтой Primius зочид буудал, Грийнланд дэлхийн бараа бүтээгдэхүүний худалдааны төв (Greenland Global commodity trading hub) зэрэг орно. Энэхүү цогц байгууламж нь хамрах хүрээгээрээ Хунчяо бизнесийн бүсэд 2 дугаарт бичигдэж байна. Грийнланд дэлхийн бараа бүтээгдэхүүний худалдааны төв 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр нээлтээ хийжээ. Нийт 5 давхар 110000 м2 талбайтай бөгөөд дэлхийн 60 гаруй улсын үндэсний павильон, 112 брэндийн павильон ажиллаж байна.

ШАНХАЙ ХОТОД СУУГАА ЕРӨНХИЙ КОНСУЛЫН ГАЗАР