Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Чинбат БХАТИХ-ын Үндсэн хууль, хууль зүйн хорооны дарга Ли Фэйтэй цахим уулзалт хийлээ
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Чинбат БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Үндсэн хууль, хууль зүйн хорооны дарга Ли Фэй 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр цахим уулзалт хийв.
Уулзалтын үеэр хоёр улсын харилцаа Иж бүрэн стратегийн түншлэлийн түвшинд амжилттай хөгжиж буйг, энэхүү түншлэл нь цар тахлын амаргүй нөхцөл байдалд ч идэвхтэй өргөжин хөгжиж, үр дүнтэй хамтран ажиллаж, сэтгэл санааны дэмжлэг харилцан үзүүлж ирсэнийг хоёр улсын үндсэн хуулийн хяналтын байгууллагын дарга нар онцлон тэмдэглэлээ.
Цахим уулзалтад оролцогчид хэлэлцсэн асуудлуудын хүрээнд тус тусын байгууллагын чиг үүрэг, бүрэн эрх, үйл ажиллагааны онцлог, эрх зүйн зохицуулалтын талаар илтгэл тавьж, сонирхсон асуудлаар харилцан мэдээлэл солилцов.
Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Чинбат Монгол Улсын Үндсэн хуулийн цэц болон БХАТИХ-ын Үндсэн хууль, хууль зүйн хороо хоорондын цаашдын хамтын ажиллагааг хөгжүүлэх хүсэл эрмэлзлээ илэрхийлэн тогтмол харилцааны механизм бий болгох, хоёр талын ажлын албаны хоорондын харилцааг өргөжүүлэх, энэ хүрээнд хамтарсан сургалт, судалгаа хийх, мэдээлэл солилцох зэргээр хамтран ажиллах саналтай буйгаа илэрхийллээ.
Үндсэн хууль, хууль зүйн хорооны дарга Ли Фэй хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны түвшинг өндрөөр үнэлж, Иж бүрэн стратегийн түншлэлийн хүрээнд БХАТИХ-ын Үндсэн хууль, хууль зүйн хороо, Монгол Улсн Үндсэн хуулийн цэц хоорондын харилцааг улам хөгжүүлэх хүсэл эрмэлзлээ илэрхийлж, энэхүү цахим уулзалт нь БНХАУ-ын Үндсэн хууль батлагдсаны 39 жилийн ойн өмнөх өдөр болж байгааг онцлон тэмдэглэв.
Тэрбээр, үндсэн хуулийн хяналтын хоёр байгууллага хоорондын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэн бэхжүүлэх чиглэлд хамтран ажиллахад бэлэн буйгаа илэрхийлэн тогтмол харилцааны механизмтай болох саналыг сайшаан дэмжив.
Уулзалтын төгсгөлд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Чинбат БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Үндсэн хууль, хууль зүйн хорооны дарга Ли Фэй нар харилцан айлчлал хийхээр тохиролцов.
Ирэх 2022 онд Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ой, Үндсэн хуулийн цэц байгуулагдсаны 30 жилийн ой, БНХАУ-ын Үндсэн хууль батлагдсаны 40 жилийн ой тохиох юм.
Цахим уулзалтад Монгол Улсын талаас Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Одбаяр, Г.Туулхүү, Ж.Эрдэнэбулган, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Бадрал, БНХАУ-ын талаас БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Үндсэн хууль, хууль зүйн хорооны дэд дарга Жянь Бышинь, Жу Гуанчуань, гишүүн Сунь Шяньжун, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цай Вэньруй нар болон албаны бусад хүмүүс оролцов.
Эх сурвалж: Монгол Улсын Үндсэн хуулийн цэц
МОНГОЛ УЛСААС БНХАУ-ЫН ШАНХАЙ ХОТОД СУУГАА ЕРӨНХИЙ КОНСУЛЫН ГАЗАР