“ЖДҮҮ ЭРХЛЭГЧДИЙН БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ БНХАУ-Д ЭКСПОРЛОХ НЬ” онлайн хэлэлцүүлэг болов
Монгол улсаас БНХАУ-ын Шанхай хотод суугаа Ерөнхий консулын газраас санаачлан “ЖДҮҮ ЭРХЛЭГЧДИЙН БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ БНХАУ-Д ЭКСПОРЛОХ НЬ” хэлэлцүүлгийг Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр үйлчилгээг дэмжих төв НӨҮГ-тай хамтран 2022 оны 2 дугаар сарын 09-ний өдөр амжилттай зохион байгууллаа.
Уул уурхайн бус экспортын бараа бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэх, нэмүү өртөг шингээн олон улсын зах зээлд гаргах, эрх зүйн орчныг сайжруулах зорилт бүхий Монгол экспорт хөтөлбөр 2018-2022 онд хэрэгжиж байгааг тэмдэглээд энэ хүрээнд Монголын жижиг, дунд үйлдвэр үйлчилгээ эрхлэгчдийг мэдээллээр хангах явдал чухал байдгийг зохион байгуулагчид онцоллоо.
БНХАУ бол манай гадаад худалдааны хамгийн том түнш төдийгүй бидэнд хамгийн ойрын том зах зээл билээ. Хоёр орны худалдаа, эдийн засгийн харилцааг дэмжин ажиллах нь ЕКГ-н үндсэн үүргүүдийн нэг ба энэ нь бодит байдал дээр бизнес эрхлэгчид, үйлдвэрлэгчдийг дэмжиж, Хятадын зах зээлд гарах, хамтрагч олох, хөрөнгө оруулалт татах явдал юм хэмээн Ерөнхий консул Ё.Нямжав тодотгов. Харин Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр үйлчилгээг дэмжих төв НӨҮГ-ын захирал Г. Гангамөрөн хэлэхдээ бидэнд хоосон дүрэм журмаас илүүтэй практикд тулгуурласан бодит мэдээлэл нэн хэрэгтэй байдаг тул энэ удаагийн хэлэлцүүлэг цаг үеэ оллоо хэмээн онцолсон юм.
Хэлэлцүүлгийн үеэр “Монгол бүтээгдэхүүн өмнөд Хятадын зах зээлд” сэдвээр Шанхай хотод үйл ажиллагаа явуулж буй “Shanghai Shine” Trading Co.,Ltd - Гүйцэтгэх захирал Б.Золцэнгэл, “Хил дамнасан онлайн худалдаа” сэдвээр “High Payment Solution” ХХК Wechat хариуцсан захирал Б.Эрдэнэ, “Гараас гарт олон улсын шуудангийн үйлчилгээ” сэдвээр “SFSL” ХХК-ийн менежер Б.Эрдэнэцэцэг, “БНХАУ-д зохион байгуулагддаг томоохон экспонууд” сэдвээр МҮХАҮТ-ын Шанхай хот дахь төлөөлөгч Б.Мэлмүүн нар илтгэл тавив. Хэлэлцүүлэгт 120 гаруй аж ахуйн нэгж оролцож сэдвийн хүрээнд асуулт хариулт явагдаж, мэдээлэл туршлагаа хуваалцлаа.
МОНГОЛ УЛСААС БНХАУ-ЫН ШАНХАЙ ХОТОД СУУГАА ЕРӨНХИЙ КОНСУЛЫН ГАЗАР