ХЯТАДЫН ОЛОН УЛСЫН ИМПОРТЫН ҮЗЭСГЭЛЭН” НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
БНХАУ-ын Шанхай хотноо 2022 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр 5 дахь удаагийн “Хятадын олон улсын импортын үзэсгэлэн”-гийн нээлт болон Хун Чяо олон улсын эдийн засгийн форумын нээлтийн ёслолын ажиллагаа болж, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг цахимаар, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайд Т.Бадрал биечлэн оролцлоо.
Уг арга хэмжээг БНХАУ-ын дарга Ши Жиньпин нээн цахимаар үг хэлж, ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн Ли Чян, Төрийн зөвлөлийн Ерөнхий сайдын орлогч Ху Чунхуа нар биечлэн оролцсон бөгөөд Шри-ланка, Мауритан, Мозамбик, Беларус, Гаяана улсын Ерөнхийлөгч, Соломон улсын Ерөнхий сайд, Европын Зөвлөлийн ерөнхийлөгч, Дэлхийн худалдааны байгууллагын ерөнхий захирал, Олон улсын валютын сангийн гүйцэтгэх захирал,ЮНИДО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга зэрэг өндөр, дээд албан тушаалтнууд цахимаар оролцож үг хэлэв.
Ши Жиньпин нээлтийн үеэр хэлсэн үгэндээ, “Хятад улс Дэлхийн худалдааны байгууллагад элсээд 20 жил болж байгаа ба өнгөрсөн 20 жилийн хугацаанд Хятад улс ДХБ-ын өмнө өгсөн амлалтаа бүрэн биелүүлж, нээлттэй байдлаа үргэлжлэн өргөжүүлсэн нь Хятад улсын хөгжил дэвшил, дэлхийн эдийн засгийг идэвхжүүлсэн” гэв.
Мөн тэрээр “Орж буйг мэдэхийн тулд гарч буйг хар, юу орж ирж байгааг мэдэхийн тулд өнгөрсөн үеийг хар.” Аливаа улс, үндэстнийг залуужуулахын тулд түүхэн дэвшлийн логикоор урагшилж, цаг үеийн чиг хандлагаар хөгжих ёстой. Хятад улс харилцаагаа өргөжүүлэх эрмэлзэл өөрчлөгдөөгүй, хөгжлийн боломжоо дэлхийтэй хуваалцах, эдийн засгийн даяаршлыг илүү нээлттэй, хүртээмжтэй, багтаамжтай, тэнцвэртэй, харилцан ашигтай хамтдаа хожих чиглэлд ахиулах шийдвэр хэвээр байх болно” гэдгээ онцлон тэмдэглээд, 1-д, олон талт үзлийг, 2-т, зах зээлийн боломжоо дэлхийтэй хуваалцах, 3-т, өндөр чанартай нээлттэй байдлыг түгээх, 4-т, дэлхийн нийтийн эрх ашгийг хамгаалах зэрэг асуудлыг Хятад улс чанд баримтлахаа илэрхийлэв.
Энэ удаагийн олон улсын импортын үзэсгэлэн 2022 оны 11 дүгээр сарын 5-10-ны өдрүүдэд зохион байгуулагдах бөгөөд нийт 127 улс, бүс нутгийн аж ахуйн нэгжүүд оролцож, үндэсний иж бүрэн үзэсгэлэнд 66 улс, олон улсын 3 байгууллага оролцож байна. Уг үзэсгэлэнд дэлхийд тэргүүлэгч 500 компаниас 284 нь оролцож байгаа нь өмнөх оны оролцогчдын тоог давсан гэж мэдээлэв.
Үзэсгэлэн нь хүнс болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, автомашин, ухаалаг үйлдвэрлэл ба мэдээллийн технологи, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, эм эмнэлгийн тоног төхөөрөмж болон эм бэлдмэл, хүнсний нэмэлт бүтээгдэхүүн, худалдааны үйлчилгээ, инновацийн инкубаци, нэгдсэн үзэсгэлэнгийн хэсэг гэсэн нийт 8 хэсгээс бүрдэж байна.
Хятадын олон улсын импортын үзэсгэлэнгийн чухал хэсэг нь Хун Чяогийн олон улсын эдийн засгийн форум бөгөөд энэ удаагийн форум нь “Дэлхийн нээлттэй хөгжлийн шинэ хүчийг идэвхжүүлж, хамтран хөгжих шинэ боломжийг хуваалцъя” гэсэн сэдэвтэй. Мөн "RCEP ба илүү өндөр түвшинд нээлттэй байх" сэдэвт дээд хэмжээний уулзалт, “Дэлхийн нээлттэй байдлын тайлан 2022”-ыг гаргах олон улсын семинар зохион байгуулж, хамгийн сүүлийн үеийн дэлхийн нээлттэй байдлын индексийг гаргах; Салбар хуралдаанууд нь "Нээлттэй хамтран хариуцах", "Нээлттэй хамтран засаглах", "Нээлттэй хамтран хуваалцах" гэсэн гурван хэсэгт хуваагдаж байгаа бөгөөд нийт 24 арга хэмжээ зохиогдож байна.
Манай улсаас энэ удаагийн экспод АПУ ХК оролцож, бүтээгдэхүүнээ танилцуулж байна.
Эх сурвалж: Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ
ШАНХАЙ ХОТ ДАХЬ ЕРӨНХИЙ КОНСУЛЫН ГАЗАР