МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ, БНХАУ-ЫН ДАРГА ШИ ЖИНЬПИН НАР АЛБАН ЁСНЫ ХЭЛЭЛЦЭЭ ХИЙВ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын дарга Ши Жиньпин нар 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Хятадын Ардын Их Хурлын ордонд албан ёсны хэлэлцээ хийв.
Төрийн тэргүүн нар Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа амжилттай өргөжин хөгжиж буйг тэмдэглэж, талуудын харилцан ойлголцол, улс төрийн итгэлцлийг бэхжүүлж, харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт гүнзгийрүүлэн хөгжүүлэхээр санал нэгдэв.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх БНХАУ-тай сайн хөршийн найрсаг харилцаатай байх нь Монгол Улсын гадаад харилцааны бодлогын эн тэргүүний зорилт гэдгийг тэмдэглэж, олон улсын нөхцөл байдал ээдрээтэй, дэлхий дахинд цар тахал үргэлжилж, шинэ сорилтуудтай тулгарч буй амаргүй энэ үед Монгол, Хятад хоёр улс харилцаа, хамтын ажиллагаагаа улам бэхжүүлэх нь чухал болохыг онцлон тэмдэглэв.
Хоёр улсын төрийн тэргүүн нар Монгол, Хятадын харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдлыг дүгнэж, хамтын ажиллагааны цаашдын чиглэлийг тодорхойлж, дээд, өндөр түвшний харилцан айлчлалын давтамжийг хадгалах, хоёр талын худалдааны хэмжээг ирэх таван жилд 20 тэрбум ам.долларт хүргэх, уул уурхайн бараа бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, нүүрс урт хугацаанд тогтвортой экспортлох, худалдааны бүтцийг төрөлжүүлэх, газрын тосны хамтын ажиллагааг өргөжүүлэх, буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хамтран хэрэгжүүлж буй бүтээн байгуулалтын төслүүдийн явцыг урагшлуулах зэрэг асуудлаар дэлгэрэнгүй санал солилцов.
Хоёр орны хилийн боомтын үйл ажиллагааг эрчимжүүлэх хүрээнд Гашуунсухайт-Ганцмод төмөр замын боомтын бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх, Ханги-Мандал боомтыг төмөр замаар холбох, Замын-Үүд-Эрээн зэрэг боомтуудын дэд бүтцийг сайжруулах, шинэ техник, технологи ашиглах замаар хилийн боомтуудын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх, эрх зүйн орчныг боловсронгуй болгох асуудлаар ярилцав.
Дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх чиглэлээр хэрэгжүүлж буй “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийг хятадын тал бүрэн дэмжин ажиллахаа илэрхийлж, цаашид хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр санал нэгдэв. Түүнчлэн цөлжилт, шар шороон шуургатай тэмцэх, газрын доройтлыг бууруулах чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиролцов.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын гурван талт хамтын ажиллагааг хөгжүүлэхэд манай талаас өндөр ач холбогдол өгдөг болохыг онцолж, “Эдийн засгийн коридорын хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг урагшлуулах талаар санал солилцов. Тус хөтөлбөрийг бодитоор хэрэгжүүлэх нь гурван улс төдийгүй бүс нутагт ач холбогдолтой гэдэгт талууд санал нэгдэв.
Түүнчлэн олон улсын харилцааны харилцан сонирхсон асуудлаар санал солилцов.
Эх сурвалж: https://mfa.gov.mn/71560
ШАНХАЙ ХОТ ДАХЬ ЕРӨНХИЙ КОНСУЛЫН ГАЗАР