images

МОНГОЛ УЛСААС БНХАУ-ЫН МАНЖУУР ХОТОД СУУГАА КОНСУЛЫН ГАЗАР ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ЭХЛҮҮЛЭВ

Ерөнхий консулын газрын мэдээ

2022-11-30

221

Монгол Улсаас БНХАУ-ын Манжуур хотод суугаа Консулын газрын албан ёсны нээлтийн ажиллагаа 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр боллоо. Нээлтийн ажиллагаанд Монгол Улсын Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Т.Бадрал, БНХАУ-ын Гадаад хэргийн яамны Консулын газрын дарга Ү Ши нар оролцож, цахим хэлбэрээр мэндчилгээ дэвшүүлсэн бол Манжуур хотын Ардын Засгийн газрын удирдлага болон орон нутгийн төрийн байгууллагуудын төлөөллүүд биечлэн оролцлоо.

Нээлтийн ажиллагааны үеэр Монгол Улсаас БНХАУ-ын Манжуур хотод суугаа Консул Я.Ганбаатар Коронавируст халдвар /Ковид-19/ цар тахлын амаргүй цаг үед Манжуур хотод Консулын газрын үйл ажиллагааг ийнхүү албан ёсоор эхлүүлж байгаагаа дурдаж, үйл ажиллагааг эхлүүлэхэд дэмжлэг, туслалцаа үзүүлсэн БНХАУ-ын холбогдох төрийн байгууллагуудад талархал илэрхийлэв.

Тус Консулын газрын хариуцсан консулын тойрогт ӨМӨЗО-ы Хөлөнбуйр, Хянган аймаг, Манжуур хот болон Монгол Улс, БНХАУ-ын хилийн Хавирга-Архашаат, Өвдөг-Баянхошуу, Сүмбэр-Аршаан боомтууд багтдаг юм.

Эх сурвалж: https://consul.mn/news/c/155

ШАНХАЙ ХОТ ДАХЬ ЕРӨНХИЙ КОНСУЛЫН ГАЗАР